М.Дэлгэрсайхан: Зөвхөн Өвөрхангай аймгийн харьяат иргэд ирэх ёстой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2020-12-02 09:46:43

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Улаанбаатараас Өвөрхангай аймаг руу буцах хүсэлтэй 8 мянга гаруй иргэн 119.mn сайтад бүртгүүлжээ. Харин багуудын Ажлын албанаас аймгийн Онцгой комисст мэдээлснээр 4800-аад хүн харьяаллын дагуу ирэх ёстой юм.

Энэ тухай аймгийн Цэргийн штабын дарга, хурандаа М.Дэлгэрсайхан хэлэхдээ “Хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хөдөө орон нутагт ирж амрах гэсэн иргэд олноор бүртгүүлсэн байна. Улаанбаатар хотын эсвэл өөр аймаг, сумын харьяалалтай хүмүүс ирэх боломжгүй, зөвхөн Өвөрхангай аймгийн харьяат иргэд ирэх ёстой гэдгийг анхааруулья” гэв.

Бусад аймгаас Өвөрхангай руу ирэх болон Өвөрхангайгаас бусад аймаг руу явах хүсэлтэй 270 гаруй хүн хүсэлтээ өгөөд байгаагийн 90 орчим хувь нь малчид байна. “Ар гэр нь отроор холын аймгууд руу явчихсан, хүүхдээ аваад араас нь очих гэсэн юм” гэх хүсэлт олноор ирж байгаа бөгөөд аймгийн Онцгой комиссоос тухайн аймгуудтай холбоо барьж, халдвар гараагүй аймгууд руу иргэдийг явуулж байна.

Өвөрхангайгаас Улаанбаатар руу явах хүсэлтэй 51 хүн бүртгүүлснээс шинжилгээний хариу нь сөрөг гарсан 24 хүн өнөө өглөө Улаанбаатар хот руу хоёр автобусаар явжээ. 

Холбоотой мэдээ