Улаанбаатарт байгаа Дорноговийн иргэд энэ сарын 7-ноос эхлэн нутаг руугаа зорчино

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2020-12-02 15:36:46

Дорноговь/МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлж хөл хорио тогтоосонтой холбогдуулан Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар иргэдийг орон нутагт нь буцаах, хүлээн авахтай холбоотой Ажлын баг ажиллаж байна.

Дорноговь аймгийн иргэдийн хөдөлгөөнийг 12 дугаар сарын 7-ноос эхлэн зохион байгуулахаар Улсын Онцгой комисс шийдвэрлэсний дагуу тус аймгийн иргэд 12 дугаар сарын 5-наас эхлэн www.119.mn сайтад бүртгүүлнэ.

Тухайн хүн орон нутаг руу явахаасаа 48 цагийн өмнө PCR шинжилгээ өгсний дараа тасалбараа онлайнаар захиалах боломжтой.

Энэ оны 12 дугаар сарын 2-ны байдлаар Дорноговь аймагт зорчих 2000 гаруй иргэний судалгаа байгаа бол Дорноговь аймгаас бусад аймаг, сум руу зорчих шаардлагатай 1000 гаруй иргэн байгаа аж.

Иргэдийг төмөр замаар мөн нийтийн тээврээр, хувийн машинаар татан авахаар төлөвлөсөн бөгөөд иргэдийг татан авах ажиллагаа бол зөвхөн нэг удаагийн буюу тухайн иргэн өөрийн гэр лүүгээ, харьяа аймаг сумынхаа нутагт очих боломжоор хангах зорилготой гэж аймгийн Онцгой комиссоос мэдээлэв. 

Улаанбаатараас орон нутаг руу явах иргэн эхлээд тухайн сумынхаа Онцгой комисс, шуурхай штабтай холбогдож өөрийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөх ёстой. Сум бүрээс гаргасан иргэдийн судалгаанд үндэслэж аймгийн Онцгой комисс иргэдийг татан авах ажиллагааг зохион байгуулах юм.



Холбоотой мэдээ