Орон нутагт жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн үгүйлэгдэж байна

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2020-12-02 18:02:14

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх ХЭҮК-ын илтгэлийг сонсов.


Илтгэлийг ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул танилцууллаа. Илтгэлдээ орон нутагт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль хэрхэн хэрэгжиж  байгаа талаар дүн шинжилгээ хийж, газар дээр нь хяналт шалгалт хийсэн байна. Энэ хүрээнд аймгуудын Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл, урлагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын газар, Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв зэрэг нийт 210 төрийн байгууллагыг хамруулан шалгажээ. Шалгалтаар Архангай, Дундговь, Орхон, Сүхбаатар, Хэнтий аймаг орон нутагтаа хэрэгжүүлэх Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр батлаагүй байсан тул шаардлага, зөвлөмж хүргүүлсэн байна.


Орон нутагт жендэрийн асуудлыг дангаар хариуцсан мэргэжилтэн байхгүй, ачаалал ихтэй үндсэн ажилтайгаа хавсран ажилладаг, түүнчлэн орон нутгийн удирдлагууд жендэрийн талаар дулимаг мэдлэгтэйн улмаас энэ чиглэлийн үйл ажиллагааг дэмждэггүй нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомж бүрэн хэрэгжихгүй байх гол шалтгаан болж байна. Түүнчлэн нийт 82 суманд жендэрийн салбар хороо байгуулсан ч мөн л орон тооны ажилтан байхгүйгээс үүдэн үйл ажиллагаа нь тогтворжоогүй, бодлого, шийдвэр үр дүнд хүрэхгүй байна.


Цаашид төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллагад  жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтний орон тоог бий болгох, орон нутгийн төсөвт Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай санхүүжилтийг жил бүр тогтмол тусгаж байх, хууль болон үндэсний хөтөлбөрийн биелэлтийн дүнг Засаг дарга нарын ажлыг дүгнэх нэг үзүүлэлт болгож, үр дүнгийн гэрээнд тусгах нь зүйтэй гэж дүгнэсэн байна.


Ажил олгогчид ажлын байран дахь бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх асуудлыг дотоод журамдаа тусгах ёстой бөгөөд 210 байгууллагыг шалгахад ихэнх нь тусгаагүй, тусгасан нь холбогдох гомдлыг хэрхэн барагдуулах талаарх механизмыг бий болгоогүй байгаа аж


Үргэлжлүүлэн тэрбээр Хүний эрхийн Үндэсний Комисст ирж буй ажлын байрны бэлгийн дарамтын талаарх өргөдөл гомдлын талаар танилцуулсан юм. Зөрчлийн тухай хуульд ажлын байрны бэлгийн дарамтын талаарх асуудлыг тусгаж, баривчлах, торгох шийтгэл оногдуулах зохицуулалтыг тусгасан ч энэ нь олон улсын жишигт нийцэж чадаагүй байна. Мөн Төрийн албаны тухай хуульд бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхлын үүднээс дарамтлах, хавчих асуудлыг хориглохоор тусгахдаа энэ нь зөвхөн төрийн жинхэнэ болон төрийн тусгай албан хаагчдад л хамаарахаар, улс төрийн болон төрийн үйлчилгээний албан хаагчдад хамаарахгүй байхаар ялгамжтай байдлаар тусгасан байгааг дурдав. Ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлэх нь гэмт хэрэг учраас Эрүүгийн хуулийн хүрээнд шийдвэрлэх, Төрийн албаны тухай хууль дахь ялгамжтай зохицуулалтыг өөрчлөх, Зөрчлийн тухай хууль дахь “бэлгийн дарамт” хэмээх тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлэх, Хөдөлмөрийн тухай хуульд ажлын байран дахь бэлгийн дарамтыг хориглох тогтолцоог тодорхой болгох зөвлөмжүүдийг гаргасан байна.


Илтгэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ч.Ундрам, Ц.Сандаг-Очир, Б.Баярсайхан, М.Оюунчимэг гишүүн нар асуулт асууж, ажлын багаас хариулт, тайлбар авав. Гишүүдийн асуултад хариулт өгөх үеэр ХЭҮК-оос 11 сарын 12-ноос хөл хорио, хязгаарлалт тогтоосонтой холбоотой 50 орчим өргөдөл гомдол ирснээс гадаадад саатсан иргэдийн асуудал, COVID-19 шинжилгээг урьдчилан мэдэгдэлгүй авах, хүний жам ёсны эрхийг хязгаарлаж байгаа зэрэг асуудал зонхилсон талаар мэдээлж байв.


Байнгын хорооны гишүүд хатуу хөл хорионы үед хүний эрх хамгаалахад ХЭҮК-ын гишүүд анхаарах, энэ талаар УОК-д зөвлөмж хүргүүлэхээр боллоо.

Холбоотой мэдээ