Bloomberg: БНХАУ-д коксжих нүүрсний үнэ өсөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-12-04 12:58:21

БЭЭЖИН. /Bloomberg/. Монгол Улсад “COVID-19” халдвар тархсантай холбоотойгоор хилийн боомтын үйл ажиллагаа удааширсны улмаас БНХАУ-д коксжих нүүрсний үнэ сүүлийн дөрвөн жилд байгаагүй өндөр түвшинд хүрч өсжээ.


"Монголд халдварын олон зуун шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварыг хязгаарлах арга хэмжээ авч буйтай холбоотойгоор  хил дамнан нүүрс тээвэрлэх ачааны тэрэгнүүдийн тоо 10 дугаар сараас хойш 80 орчим хувиар буурсан" гэж “Hexun Futures” цахим хуудасны шинжээчид мэдээлжээ.


Коксжих нүүрсний томоохон нийлүүлэгч болох Австралийн импортод БНХАУ хязгаарлалтад тогтоосны улмаас нүүрсний үнэ өсөөд байсан юм.


“Коксжих нүүрсний үнэ огцом өссөн нь Монголын нүүрсний гаалийн бүрдүүлэлт огцом буурсантай холбоотой. Мөн үүнтэй зэрэгцэн нүүрсний уурхайн аюулгүй байдлын хяналтыг чангатгаж, Австралийн нүүрсний импортыг хязгаарласан хэвээр байна” гэж “Hexun”-ий шинжээч бичжээ.


Далянь хотын биржид коксжих нүүрсний фьючерс хэлцлийн үнэ лхагва гарагт 4.1 хувиар өсөж, нэг тонн нь 1535 юаньд хүрсэн нь 2016 оны 11 дүгээр сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Нүүрс нь Хятадын дэлхийд тэргүүлэгч гангийн үйлдвэрлэлийн гол хэрэглэгдэхүүн билээ.


Монгол, Хятадын гаалийн ажилтнууд ачааны тэрэгний жолооч нарт эрүүл мэндийн үзлэг хийж байгаа нь хилийн тээврийн хөдөлгөөнийг удаашруулж байгаа ажээ. Монголоос Хятад руу хийх нүүрсний нийлүүлэлт энэ онд хоёр дахь удаагаа саатаж буй нь энэ бөгөөд өмнө нь хоёр, гуравдугаар сард зургаан долоо хоногоор тасалдсан юм.


Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн энэ оны эхний гурван улиралд өмнөх оны мөн үеийнхээс 7.3 хувиар агшсан нь уул уурхайн салбартай холбоотой юм. Нүүрсний экспорт 10 дугаар сарын эцсийн байдлаар 2019 оны мөн үеийнхээс 36 хувиар буурчээ. 

Холбоотой мэдээ