Улаанбаатар хотоос 3 хоногийн дотор 1234 зорчигч иржээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2020-12-04 19:24:52

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. УОК-ын шийдвэрээр хөл хорионы улмаас Улаанбаатар хотод гацсан орон нутгийн иргэдийг нутаг буцаах ажлыг зохион байгуулж байгаа.

Энэ хүрээнд нийслэлд байгаа Баян-Өлгий аймгийн 5 мянга гаруй иргэн буцах хүсэлт гаргасан. Үүнээс энэ сарын 2-4-ний өдрүүдэд 21 автобус, 62 хувийн тээврийн хэрэгслээр 1071 зорчигч, онгоцоор 163 зорчигч, нийтдээ 1234 иргэн тус аймагт ирсэн байна.  

Мэргэжлийн байгууллагууд нутагтаа ирсэн иргэдийн тээврийн хэрэгсэл, ачааг ариутган халдваргүйжүүлж, өөрсдийг нь “Гэрийн тусгаарлалт, ажиглалтад байгаа иргэдийн хяналтыг зохицуулах түр журам”-д заасны дагуу гэр гэрт нь тусгаарлан ажиглахаар шилжүүлж байна.

Иймд гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн хувьд:

1. Бүртгэлтэй хаяг дээрээ тогтмол байж, гэрээсээ гарахгүй, гаднаас зочин урихгүй байх;

2. Утсаа байнга нээлттэй байлгах, утсаар биеийн байдал болон байршлын талаарх мэдээллийг хяналт тавьж буй байгууллагад үнэн зөв мэдээлэх;

3. Биеийн халууныг хэмжих термометрийг бэлтгэж, өдөрт хоёроос доошгүй удаа хэмжиж, тэмдэглэл хөтлөх;

4. Амны хаалт хэрэглэх, гэрт чийгтэй цэвэрлэгээ, ялангуяа ариун цэврийн өрөөнд цэвэрлэгээг сайтар хийх;

5. Өрөө тасалгаанд агаар сэлгэлтийг 2 цаг тутам хийх;

6. Гэр бүлийн гишүүдтэй аль болох ойр байхгүй байх, боломжтой бол тусдаа өрөөнд байх;

7. Гэрээр үргэлжлүүлэн тусгаарлахтай холбоотой гарсан дүрэм журам, зааврыг мөрдөн ажиллахыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.

Холбоотой мэдээ