Д.Цэндсүрэн: Гадаад худалдаатай холбоотой мэдээллийг нэгдсэн байдлаар авах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-07 09:49:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай  Улсын Гаалийн ерөнхий газар (ГЕГ) Дэлхийн Банк Группийн хооронд “Гадаад худалдааны мэдээллийн сан” цахим портал байгуулах тухай гэрээг байгуулаад байна. Энэ талаар ГЕГ-ын Худалдааг хөнгөвчлөх ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Гаалийн улсын ахлах байцаагч, доктор Д.Цэндсүрэнгээс тодрууллаа. 

-Гадаад  худалдааг хөнгөвчлөхтэй холбоотой мэдээллийг бүрэн авах боломж манай улсад бүрдэж байгаа гэсэн. Худалдаатай холбоотой мэдээллийг өнөөдрийн байдлаар хаана хаанаас авч болох вэ? 

-Юуны өмнө улам бүр даяарчлагдаж буй, мөн мэдээлэл технологийн хөгжлийн энэ эрин зуунд гадаад, дотоодын худалдааг хөнгөвчлөх боломж улам бүр гарч буйг дурдах нь зүйтэй байх. Өнөөдөр дэлхий нийтэд гадаад худалдааны урсгал өсөн нэмэгдэж улс орнуудын хөгжлийн нэг түлхүүр болж байна. Үүнтэй зэрэгцэн худалдааг хөнгөвчлөх, худалдааны аюулгүй байдлыг хангах хэрэгцээ шаардлага бий болсон. Иймд худалдаанд оролцогч талуудын үйл ажиллагааг уялдуулах, хялбарчлах, стандартчилахад олон улсын байгууллага, бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг анхаарч ирсэн.  Гаалийн ерөнхий газрын  цахим хуудаст "Худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагаа" гэсэн дэд цонх ажиллаж байгаа. Эндээс манай худалдаа эрхлэгч нар худалдаа, худалдааг хөнгөвчлөхтэй холбоотой мэдээллийг эх хэл дээрээ болон англи хэл дээр авах боломжтой болсон. 

Дэлхийн Худалдааны байгууллага (ДХБ)-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр, хэлэлцээрийн дагуу хийж хэрэгжүүлж байгаа ажлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг ДХБ, Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-ын цахим хуудаснаас мөн авах боломжтой. 

Нэмж хэлэхэд ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт зааснаар (тус хэлэлцээрийн нэгдүгээр зүйлд импорт, экспорт, дамжин өнгөрөх үйл ажиллагаатай холбоотой) мэдээллийг нэгдсэн байдлаар авах боломж бүрдээд байна. Тодруулж хэлбэл, ГЕГ болон Дэлхийн Банк Группын Олон улсын санхүүгийн корпораци хооронд байгуулсан гэрээний үр дүнд “Гадаад худалдааны мэдээллийн сан” цахим портал ажиллаж эхлэх ба гадаад худалдаа эрхлэгч нар худалдааны үйл ажиллагааг зохицуулсан 350 гаруй хууль тогтоомжийг нэгдсэн мэдээллийн сангаас монгол, англи хэлээр авах боломжтой болж байгаа. 

-ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн талаар тодруулна уу?

-ДХБ-аас худалдааг хөнгөвчлөх арга хэмжээг багтаасан “Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээр”-ийг гаргах талаар 2004 оноос ярьж эхэлсэн. Гэхдээ үүнээс өмнө гаалийн горимыг хялбаршуулах, уялдуулах боломжийг Дэлхийн гаалийн байгууллага (ДГБ)-ын Шинэчлэн найруулсан Киотогийн конвенцид тусгасан юм.  Иймд худалдааг хөнгөвчлөхийг шинэ асуудал биш гэж хэлж болох боловч олон янзын ашиг сонирхол бүхий гадаад худалдаанд оролцогч талуудын үйл ажиллагааг уялдуулах нь дэлхийн улс орнуудад, ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд хүндрэлтэй асуудлын нэг байсаар байна. Товчдоо хэлэхэд гадаад худалдааны үйл ажиллагааг “Хялбаршуулах, Уялдуулах, Стандарчилах”-д чиглэсэн бүхий л арга хэмжээг багтаасан юм. Өөрөөр хэлбэл, хэвлэн нийтлэх, мэдээллийн стандарт, ил тод байдал, хамтын ажиллагаа, харилцан мэдээлэл солилцох, эрсдлийн удирдлага болон худалдаанд оролцогч бүх талыг хамруулж, тэдний үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилготой хэлэлцээр юм. 

-Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн зорилго юунд оршдог вэ. Энэ хэлэлцээрт хэдэн улс орон нэгдээд байна вэ?

-ДХБ-ын гишүүн орнуудын 2013 оны Сайд нарын Бага хурлаар Дэлхийн худалдааны байгууллага байгуулах Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол болон түүний хавсралт болох Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэлэлцэн тохирсон юм. Хэлэлцээрт ДХБ-ын гишүүн орны гуравны хоёр нь нэгдэн орсон. Ингэснээр 2017 онд хэлэлцээр хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм. Өдгөө тус байгууллагын гишүүн 153 орон уг хэлэлцээрт нэгдэн ороод байна.

  • Хэлэлцээрийн үндсэн зорилго нь: 
  • Бүрдүүлэлтийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, шуурхай үйлчилгээ үзүүлэх,
  • Гааль болон бусад агентлагийн хамтын ажиллагааг өрнүүлэх,
  • Техникийн туслалцааг өргөжүүлэх, хөгжиж буй орнуудын чадавхийг нэмэгдүүлэхэд оршдог. 

Энэ зорилгын хүрээнд гадаад худалдааны нийлүүлэлтийн сүлжээнд оролцогч бүх талуудын үйл ажиллагааг уялдуулсан 36 арга хэмжээг уг хэлэлцээрийн эхний хэсэгт тодорхойлсон юм.

НҮБ-ын Европын эдийн засгийн комиссын 1974 оны Зөвлөмжид улс орнууд үндэсний хэмжээнд худалдааг хөнгөвчлөх санаачилгыг хэрэгжүүлэхийг зөвлөсөн. Энэхүү зарчим нь Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрт ”Гишүүн бүр энэхүү Хэлэлцээрийн заалтуудыг дотооддоо уялдуулан зохицуулж, хэрэгжүүлэх явдалд тус дөхөм үзүүлэх зорилгоор худалдааг хөнгөвчлөх Үндэсний хороо байгуулах, эсхүл одоо байгаагаа үргэлжлүүлэн ажиллуулна, одоо ажиллаж байгаа ямар нэгэн механизмыг тийм болгоно” хэмээн тусгаж биеллээ олсон юм.  

-Манай улсын хувьд энэхүү хэлэлцээрт яаж оролцож, хэлэлцээрийг биелүүлж байна вэ?

-Монгол Улс 1991 онд Дэлхийн гаалийн байгууллагад  гишүүнээр элсэн орж, 1996 онд Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээр болон ДХБ-ын худалдааны олон талт бусад хэлэлцээрийг соёрхон баталсан. ДХБ-ын хэлэлцээрүүд нь Монгол Улсын хувьд 1997 онд хүчин төгөлдөр болсон. Ийнхүү гадаад худалдааны үйл ажиллагааг олон улсын хэмжээнд зохицуулах бодлого баримтлах чиг үүрэг бүхий ДХБ, ДГБ-д гишүүнээр элсэн орсноор эдгээр байгууллагаас гадаад худалдаа, гаалийн чиглэлээр гаргасан бодлого, чиглэл,  зохицуулалтыг баримтлан, гадаад худалдааны үйл ажиллагааг олон улсын жишгийн дагуу явуулах шаардлага бий болсон юм.

Монгол Улсын хувьд 2016 оны 11 дүгээр сарын 24-нд УИХ ДХБ-ын Худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг соёрхон баталсан. Улмаар хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах зорилго бүхий Худалдааг хөнгөвчлөх Үндэсний хороог 2017 оны 5 дугаар сард байгуулсан. Үндэсний хорооны дүрэм болоод бүрэлдэхүүнийг баталж, хорооны хуралдааныг тогтсон хугацаанд зохион байгуулан ажиллаж байна. 

Хэлэлцээрийн хэрэгжилт чухам ямар байгууллагад хамаатай болох талаар 36 арга хэмжээ тус бүрээр ДХБ-аас матриц гаргасан байдаг. Эдгээрээс гаалийн байгууллага 35 арга хэмжээний хэрэгжилтийг хангахад дангаараа болон бусад байгууллагатай хамтран ажиллаж байгна. Үлдсэн нэг заалтын хувьд импорт, экспорт, дамжин өнгөрөх үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журмыг цаасаар, цахимаар, ямар лавлах цэгээс авах боломжтойг ДХБ-ын Нарийн бичгийн дарга нарын газар хүргүүлэх үүргийг Үндэсний хороо хүлээдэг. Түүнчлэн хилийн хяналтын байгууллагууд хэлэлцээрийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. 


Холбоотой мэдээ