“Албан бус эдийн засагт ажиллагсдыг нийгмийн даатгалд хамруулах нь” хэлэлцүүлэг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2020-12-08 11:03:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НДЕГ, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран “Албан бус эдийн засагт ажиллагсдыг нийгмийн даатгалд хамруулах нь” хэлэлцүүлгийг өчигдөр цахимаар зохион байгуулав.


Албан бус эдийн засагт ажиллагсад, сайн дурын даатгуулагчдын одоогийн байдал, олон улсын сайн туршлагыг танилцуулж, тэдний нийгмийн баталгааг хангах тухай санал солилцох, хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусгах нь цахим хэлэлцүүлгийн зорилго юм.


Манай улсад 2019 оны байдлаар 1.1 сая хүн хөдөлмөр эрхэлж байгаагаас 269.5 мянга нь албан бус хөдөлмөр эрхлэгч гэсэн статистик бий. Эдний дийлэнх нь эрэгтэй бөгөөд ХАА-н салбарт голдуу ажилладаг.


Харин дэлхий дахинд албан бус хөдөлмөр эрхлэгчид хөдөлмөрийн зах зээлийн 62 хувийг эзэлдэг бол Монголд малчдыг оролцуулаад 48 хувь байгааг ҮСХ-ны ахлах статистикч Э.Гантуяа дурдав.


Харин судлаач, зөвлөх Ц.Дашдондог “Албан бус хөдөлмөр эрхлэгчийн тоо нь нийгмийн хамгааллын хамралтыг нэмэгдүүлэх шаардлагатай үзүүлэлтийг харуулдаг. Учир нь тэдний ихэнх нь  зохистой хөдөлмөрийн орчин бүрдээгүй, нийгмийн баталгаа хангалтгүй нөхцөлд ажилладаг. Нийгмийн хамгаааллын суурь түвшин ямар байгаагаас хямралыг даван туулах чадамж шалтгаалдаг. Иймд албан бус хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн хамгааллыг сайжруулж, нийгэм эдийн засгийн эрсдэлд бэлэн байлгах нь чухлыг тэмдэглэв.


Одоогоор нийгмийн даатгалд 188 мянга гаруй сайн дурын даатгуулагчид хамрагдаад байгаа ч малчдын 70 орчим, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн 45 орчим хувь нь нийгмийн даатгалд хамрагдахгүйг ХНХЯ-ны хэлтсийн дарга Б.Батжаргал дурдаад, албан бус эдийн засагт ажиллагсад нь шилжилт хөдөлгөөн ихтэй, орлого тогтмол биш тул түүнд нь тохирсон нөхцөлийг санал болгох шаардлагатай гэлээ. 


Олон улсын туршлагад үндэслэн албан бус хөдөлмөр эрхлэгчдийн ангилал, бүлгийг тодорхой болгох, бүртгэлийг нарийвчлан сайжруулах, нийгмийн даатгалын шимтгэл төлөх нөхцөлийг уян хатан болгож, үүнд уялдуулан тэтгэврийг ялгаатай тогтоох нь тэдний нийгмийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, хамгааллыг сайжруулахад үр дүнтэйг мөн онцолж байлаа. 


Хэлэлцүүлэгт ХНХЯ, МҮЭХ, МАОЭНХ,  Үндэсний статистикийн газар болон зохион байгуулагч байгууллагын 31 албан хаагч, судлаач оролцов.

 

Холбоотой мэдээ