Эдгэрсэн хүмүүсээс эргээд өвчилсөн тохиолдол байхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-12-08 13:12:13

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын эмч мэргэжилтнүүд өнгөрсөн хугацаанд "Ковид 19"-өөр өвчилсөн 384 хүнийг эмчилж эдгээгээд байна. Ер нь нийт халдвар авсан хүмүүсийн 43 хувь эдгэрсэн бөгөөд эргээд өвчлөөд ирсэн нэг ч хүн байхгүй юм.
 

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн сонирхсон асуултад эмч, мэргэжилтнүүд хариулт өгсөн юм.


-Хөл хориог сунгах эсэх талаар та бүхнээс УОК-т санал хүргүүлсэн үү?


-ЭМЯ-наас энэ хөл хориог сунгах эсэх асуудлаар ямар нэг санал хүргүүлээгүй байгаа. Мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид болон бусад баг хамтраад уг асуудал боловсрогдоод явж байгаа гэдгийг хэлье.


-Манай эмч нарын баг өнгөрсөн хугацаанд олон хүнийг эдгээгээд байгаа. Энэ хүмүүст ямар эмчилгээ хийсэн бол?


-Өнгөрсөн хугацаанд халдвар аваад эдгэрсэн олон хүн бий. Бид эдгэрсэн хүнээ ХӨСҮТ-өөс вирус ялгарахгүй болсон үед эмнэлгээс гаргаж, улмаар 14 хоног сувилалд байлгаж давтан шинжилгээ хийлгэсний дараа гэрт нь 14 хоног байлгаад шинжилгээ хийж ямар ч вирусгүй эрүүл болсон нөхцөлд хүн ардын дунд оруулж байгаа.


-Манай улсад хэрэгжүүлж байгаа эмчилгээний арга барил, тактик болон дараа дараагийн давалгаанаас сэргийлэх бэлтгэл ажлын талаар тодруулна уу?


-Дэлхийн улс орнуудын жишгээр болон ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу энэ арга хэмжээг авч, эмчилгээг хийж байна. Бид 384 хүнийг эмчилж эдгээгээд гаргасан байна. Ер нь нийт халдвар авсан хүмүүсийн 43 хувь эдгэрсэн бөгөөд энэ хүмүүсээс эргээд өвчлөөд ирсэн нэг ч хүн байхгүй. Мөн энэ эдгэрсэн хүмүүсийг харьяа эрүүл мэндийн байгууллага болон төр засгийн байгууллагын хяналтад өгч, тухайн хүмүүстээ бид холбоотой байдаг.

Өнөөдөр бид энэ кластер өвчлөл бүртгэгдсэнээс хойш 23 хүнийг стандартын дагуу эмчилж эдгээгээд гаргасан. Монгол Улсад COVID-19” халдвар авсан нийт хүмүүсийн  83-84 хувь нь хөнгөн хэлбэрээр өвчилсөн. Мөн хүндээр өвдсөн хүн эдгэрч гарсан тохиолдол ч бий. Бидний эмчилгээний тактик бол ОХУ болон АНУ-ын эмчилгээний удирдамж, шинэ арга, аргачлалаас суралцаж, ДЭМБ-ын зөвлөмжийн хүрээнд Эрүүл мэндийн сайдын тушаалаараа эмчилгээний удирдамжаа баталгаажуулаад, стандарт эмчилгээг хийж ажиллаж байна. Ингээд бид стандартын дагуу вирусний эсрэг эмчилгээг хийдэг. Вирус дарангуйлах, дархлааг дэмжих эмчилгээг хийдэг.

Дэлхийн улс орнуудад дэгдсэн “COVID-19” халдварын тархалт, өвчлөлтийн үе шат бүрийг бид 11 сар ажиглалаа. Энэ хугацаанд ойрын болон 2, 3-дагч хавьтагчдыг олж илрүүлэх талаар чамгүй туршлагажлаа. Энэ туршлага дээрээ тулгуурлаад ойрын хавьтлаа болон хавьтлын хавьтлууд гээд хойш нь сунгаж хянаж ажиглаж байна.

“COVID-19” халдварын эсрэг хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнгээс хамаарч эхний давалгааг үндсэндээ хумиж, цомхотгож чадлаа гэж үзэж дүгнэдэг байна. Бид ийм үр дүнд хүрэхийн төлөө, халдварын голомтыг устгаж, улсын хэмжээний дэгдэлт болгохгүйн төлөө ард иргэдийн дэмжлэгтэйгээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ