Хүний эрхэд анхаарах байдлын зураглалыг гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-12-10 18:01:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр тохиож буй Хүний эрхийн олон улсын өдрийг манай улсад "Цар тахлыг даван туулах-Хүний эрх, эрх чөлөөг дээдэлье" уриан дор тэмдэглэж байна. 

Цар тахлын нөхцөл байдлын үед нийтийн эрх ашгийн төлөө хүний зарим эрх, эрх чөлөө хязгаарлагдаж байна. Тиймээс хүний эрхийг хамгаалагч нар ийм нөхцөл байдалд байнгын хяналттай ажиллах шаардлага тулгарч үүсдэг байна. 

Шинээр ажилдаа ороод буй Хүний эрхийн Үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүд өмнөх гишүүдтэй хамтран цар тахлын нөхцөлд хүний эрхийн байдалд анхаарах шаардлагатай байгаа болон орхигдсон зүйлүүдийн талаарх бүрэн зураглалыг гаргаснаа энэ өдөр мэдээлж байна. 

Энд нийгэм-эдийн засгийн 40 гаруй зүйлийг тусгажээ. Мөн энд ямар нөхцөлд хүний эрхийг зөрчсөн үйлдэл болохыг гаргаж ирэх шалгуурыг давхар боловсруулжээ. Гаргасан зураглалын дагуу ХЭҮК-ын гишүүд хүний эрхийн зөрчил гарч буй байдалтай газар дээр нь очиж танилцаж эхлээд байгааг өнөөдөр мэдээллээ. 


Хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлэн ажиллаж буй цагдаа, онцгой, мэргэжлийн байгууллагын алба хаагчдын өөрсдийнх нь аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын байдал, тэдэнд өгч буй мэдээлэл, чиглэл ойлгомжтой тодорхой байх зэрэг хүний эрх талаас анхаарах зүйл гарч байгаа аж.



Энд хөл хорионы дэглэм тогтоосонтой холбоотойгоор амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур амьдралтай, мөн бичиг баримтгүй, яалт ч үгүй өдөр тутмын хүнсний тусламж дэмжлэг авах шаардлагатай, орхигдож байгаа бүлгийн айл өрхийг гаргаж ирэх зэрэг анхаарах зүйлүүд байгааг ХЭҮК-ын гишүүд хэлж байна. Мөн хөл хорионы дэглэм, нөхцөл байдлыг хэрэгжүүлэн онцгой нөхцөл байдалд ажиллаж буй цагдаа, онцгой, мэргэжлийн байгууллагын алба хаагчдын өөрсдийнх нь аюулгүй байдал, хөдөлмөр хамгааллын байдал, тэдэнд өгч буй мэдээлэл, чиглэл ойлгомжтой тодорхой байх зэрэг асуудлыг анхаарч ажиллаж байгаа аж. 

Түүнчилэн гэр бүлийн хүчирхийлэл гарч буй нөхцөл байдлын учир шалтгааныг тодруулах зэрэг зүйл гарч ирж байгаа аж. 

Хамгийн гол нь ХЭҮК-оос гаргаж буй дээрх зураглал нь гамшгийн нөхцөл байдалд баримтлах үйл ажиллагааны тулгуур бичиг баримт болж, үүгээр цаашид манай улсад гарч болзошгүй гамшгийн муу, сөрөг үр дагаврыг урьдчилан харж сэргийлэх боломжтой аж. 


Тодруулга: ҮСХ-ны мэдээллээр гэр бүлийн хүчирхийллийн улмаас энэ оны эхний 11 сард 9786 зөрчил бүртгэгджээ. Үүний 7882 (80.5 хувийн) зөрчлийг шалган шийдвэрлэсэн байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдсэн нийт зөрчил өмнөх оны мөн үеэс 1557 (18.9 хувиар)-гоор, шийдвэрлэсэн зөрчил 2153 (37.6 хувиар)-аар тус тус өсжээ.


Холбоотой мэдээ