А.Амбасэлмаа: Гаалийн ажилтантай ойр байсан хүмүүсийн шинжилгээний хариу сөрөг гарсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2020-12-14 11:24:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Амгалан гаалийн газрын ажилтан иргэн хаанаас халдвар авсан бэ гэдгийг тогтоосон уу?

-А.Амбасэлмаа: Амгалан гаалийн ажилтантай холбоотой халдварын тандалт судалгаа үргэлжилж байна. Түүний ойрын болон хоёрдогч хавьтлын 200 хүнд шинжилгээ хийсэн. Мөн хотын гаалийн 100 гаруй хүнд шинжилгээ хийсэн бөгөөд бүгд сөрөг гарсан. Ер нь Монгол Улс хэд хэдэн голомт бүстэй болсон. Ялангуяа Улаанбаатар, Сэлэнгэ аймагт том том голомт бий. Том голомтууд үүссэний дараа алаг цоог өвчлөл бүртгэгдэх тохиолдол бий. Коронавирус бол агаар дуслын замаар халдварладаг учраас хаанаас ч халдвар илрэх магадлал их байдаг. Тиймээс халдварын нууц үеийн хугацааны 14 хоногт ойрын болон дам хавьтлуудыг хянах, дахин 14 хоногт тандалт хийх, эгзэгтэй цэг, хүн ам олноор цугларсан газар шинжилгээ хийдэг. Энэ ажлын явцад тус ажилтныг илрүүлсэн. Цаашдаа том худалдааны төв, тээврийн үйлчилгээний газруудад хяналтын шинжилгээ хийнэ.


-ХӨСҮТ-д томографийн аппаратт бий юу. Хүмүүсийг эдгэрсэн гэдгийг хэрхэн тогтоож байгаа вэ?

-А.Амбасэлмаа: ХӨСҮТ-д томографийн аппарат бий. Монгол Улсад коронавирусний халдвар зөөвөрлөгдөн орж ирсэн үеэс рентиген, томографийн аппараат өвчтөнүүдээ үзэж байгаа. Эдгэрсэн гэж үзэх ДЭМБ-ын шалгуур, Эрүүл мэндийн сайдын бий. Эмнэлзүйн шинж тэмдэг илрэхгүй 3 хоног болох, вирус ялгаруулахгүй байх, уушги нь эрүүлжих зэрэг шалгуур бий.


-Хөдөө орон нутаг руу буцах хэдэн иргэний шинжилгээний хариу гараагүй байна вэ?


-Д.Нарангэрэл: Улаанбаатар хотоос орон нутаг руу явахаар 387 мянга иргэн шинжилгээ өгөх хүсэлт ирүүлснээс 380 мянга 229 гаруй хамрагдаад байна. Бүх шинжилгээний хариу сөрөг гарсан. Өчигдөр гэхэд 1771 иргэн орон нутаг руу гарсан бол 2062 иргэн орж ирсэн байна.


-Өнгөрсөн сард үйлдэх байсан Франкурт-Улаанбаатарын тусгай нислэгийн тасалбарын нөхөн олговор олгох болсон тухай мэдээлэл гарсан. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?


-Л.Мөнхтүшиг: Өнгөрсөн сард Франкфурт руу 250 хүний суудалтай том онгоцоор нислэг үйлдэхээр төлөвлөж, хүмүүсийн нэрсийг баталгаажуулсан байсан ч нөхцөл байдал өөрчлөгдөж, цуцлагдсан. Тиймээс энэ сард дахин нислэг үйлдэх болсон. МИАТ компани ачаа тээврийн нислэг үйлдэж байгаа. Том онгоцоор хатуу гэрээтэй ачаа тээврийн нислэг үйлдэж байгаа тул энэ сарын 23 хүртэл тус онгоцыг ашиглах боломжгүй байгааг МИАТ компани мэдээлсэн. Европт өнгөрсөн сараас хойш тусгай нислэг хүлээж байгаа иргэдийн нөхцөл байдлыг ойлгож байгаа тул 23-ныг хүлээлгүйгээр энэ сарын 16-нд тусгай нислэг үйлдэхээр болсон юм. Тэгэхээр 11 сард нэрс нь баталгаажсан хүмүүс энэ сард бүгд ирнэ гэж ойлгож болно. Гэхдээ тасалбарын нөхөн олговрын талаар ГХЯ-нд тодорхой чиглэл ирээгүй, МИАТ компани мэдээлэл өгөөгүй байна. Нислэг цуцлагдсан дариуд ГХЯ-наас ДТГ-ууддаа нөхцөл байдал нь хүндэрч байгаа иргэдийн мэдээллийг гаргах үүрэг өгсөн. Үүний дагуу 17 улсаас 105 иргэний мэдээлэл авч, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтран эмзэг байдлын судалгаа хийсэн. Ингээд эмзэг байдалд байгаа 48 хүний тасалбар болон тусгаарлах байрны зардлыг хариуцаж, авч ирэхээр ажиллаж байна.

Холбоотой мэдээ