"COVID-19" халдварын таван тохиолдол бүртгэгдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2020-12-15 11:02:30

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өчигдрийн шинжилгээгээр, манай улсад коронавирусний халдварын нийт тохиолдол 917 болсныг ХӨСҮТ-ээс мэдээллээ.


ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, улсын хэмжээнд ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн нян судлалын төв лаборатори, явуулын 2 авто лаборатори болон Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод, Орхон аймгийн салбар лабораторид өчигдөр буюу энэ сарын 14-нд 10 979 хүнд хийсэн PCR шинжилгээгээр таван хүнд коронавирус илэрчээ. Улаанбаатар хотод хоёр, Сэлэнгэ аймагт хоёр, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд халдварын нэг тохиолдол батлагдсаныг тэрбээр мэдээлсэн юм. Эдгээр таван тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бөгөөд 2, 3 дахь давтан шинжилгээгээр халдвар илэрчээ.


Мөн тэрбээр, “Одоогоор Улаанбаатар хотод сүүлийн хэдэн хоногт батлагдсан тохиолдлуудыг тусгаарласан. Тэдний ойрын хавьтлын давтан шинжилгээгээр коронавирус илэрч байна. Бид 1100 гаруй ойрын хавьтлаас 800 гаруйнх нь хариуг гаргасан. Ойрын хавьтлын хүмүүсээс халдвар илрэх эрсдэлтэй учир 540 гаруй ойрын хавьтлыг тусгаарлаж, хянаж байна. Тэгэхээр эрсдэл бүхий 500-600 хүн хяналтад байна. Иргэд сонор, сэрэмжтэй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд ажиллаж буй хүмүүсийнхээ эрүүл мэндийг хянах хэрэгтэй хэмээлээ.


Сүүлийн 24 цагт Дархан-Уул аймаг, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт коронавирусний халдвар шинээр бүртгэгдээгүй байна. Улсын хэмжээнд дотоодын халдварын нийт тоо 464 болжээ.


Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын тоо 917 болсноос 384 нь эдгэрээд буй юм.


ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт коронавируст халдвартай 524 хүн эмчлүүлж байна. Тэдний нэг нь маш хүнд, тав нь хүнд, 68 нь хүндэвтэр, 450 нь хөнгөн байгаа аж.

 


Холбоотой мэдээ