Коронавирусний эсрэг биет илрүүлэх шинжилгээнд 31 алба хаагчийг хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-12-20 21:25:14

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссоос ээлжит мэдээллээ хүргэлээ. 

Аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил “Сэлэнгэ аймагт батлагдсан тохиолдол нэмж бүртгэгдээгүй гээд бид тайвширч, назгайрч болохгүй гэдгийг онцгойлон анхаараарай. Мөн Сүхбаатар, Алтанбулаг суманд хатуу хөл хорионы дэглэм мөрдөгдсөн хэвээр байгаа тул энэ сумын иргэд дүрэм журмаа мөрдөн, иргэний үүргээ биелүүлэхийг хүсье” гэв.

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн вируслогийн лабораторид нийт 198 хүнд PCR шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарсан байна. Өнөөдрийн байдлаар нийт 10 ажиглалтын байр, нэг тусгаарлах байранд 109 иргэн хяналт ажиглалтад байна.

Мандал сумын Онцгой комисс “Нэг өрх-Нэг иргэн” PCR шинжилгээ авах ажилд 2960 өрхийн иргэдийг хамруулж, 56.1 хувийн гүйцэтгэлтэй явж байна.

Хилийн “Алтанбулаг” боомтын талбайд 20 ачааны автомашин үүнээс импортын 11, жолооч нь тусгаарлагдсан 9 машин байрлаж байна. Түүнчлэн Алтанбулаг боомтод үүрэг гүйцэтгэж байгаа хил хамгаалах байгууллага, гааль, ХМХА, Гадаадын иргэн харьяатын 31 алба хаагчийг коронавирусний дархлаа тогтоц /эсрэг биет/ илрүүлэх шинжилгээнд хамруулсан байна. Мөн Хушаат, Сайхан, Мандал, Хүдэр сум, Бугант тосгоны 32 иргэнийг бүсчлэн, түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулжээ.  

Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох, гарах чиглэлд ачаа тээврийн 13 галт тэрэгний 569 вагон, 26 ажилтныг нэвтрүүлжээ. Харин энэ өдрүүдэд УОК-ын шийдвэрээр Улаанбаатар хот болон бусад аймаг, сумдаас татан авалт хийгээгүй байна. 

Холбоотой мэдээ