Паралимпын тамирчдад хүнсний тусламж гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-12-22 14:35:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Өвөрмонголын иргэдээс ирүүлсэн хандиваар “Ашидын гүүр” ТББ-аас зохион байгуулж Монголын үндэсний паралимпын хорооны шигшээ багийн 40 гаруй тамирчдад өнөөдөр хүнсний тусламж гардуулав.


Спортын төв ордонд уг тусламжийг гардуулах үеэр “Ашидын гүүр” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Г.Батдоржийн сэтгэгдлийг хуваалцсан юм.



Тэрбээр: “Өвөрмонголын “Байна уу” цахим сүлжээ ашиглагчид болон ӨМӨЗО-ы их сургуулиудын монгол оюутнуудаас ирүүлсэн чин сэтгэлийн хандиваар ийнхүү 2021 онд болох Токиогийн паралимпын наадамд оролцохоор бэлтгэл сургуулиа хийж байгаа тамирчдад 90 мянган төгрөгийн гурил, мах, ургамлын тос, будаа зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг гардуулж байна. Нийт тамирчдынхаа нэрийн өмнөөс элэг нэгт өвөрмонголчууддаа чин сэтгэлийн талархал илэрхийлж, сайн сайхныг хүсэж байна" гэлээ.



Мөн энэ үеэр МҮПХ-ны дэд ерөнхийлөгч Д.Сүрэнхорлоо: “Өнөөдөр дэлхий дахинд тархаад байгаа коронавируст цар тахлын үед Монголын паралимпын баг тамирчид гэр гэртээ дасгал сургуулилтаа хийж байна. “Ашидын гүүр” ТББ-ын хамт олон, Өвөрмонголын их дээд сургуулийн залуустай хамтран манай тамирчдад, энэ цаг үед хүнсний тусламж үзүүлж байгаад Монголын үндэсний паралимпын хорооны нийт хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье” гэв.



Ташрамд сонирхуулахад, Монгол Улсад 30-аад жилийн өмнөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг биеийн тамир спортоор хичээллүүлэх эхлэл тавигдаж, 2000 оны Сиднейн паралимпын наадамд анх удаагаа тамирчдаа оролцуулж эхэлсэн түүхтэй. “Бээжин-2008” паралимпын наадмаас Д.Баатаржав байт сурын төрлөөр аварга болж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртсэн билээ. Улмаар “Рио-2016” паралимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдаас жүдо бөх /Б.Ууганхүү/, пауэрлифтинг /Э.Содномпилжээ/-ийн төрлөөр хүрэл медаль хүртэж, паралимпын амжилтын буухиаг үргэлжлүүлээд байгаа юм. Ирэх жил болох “Токиогийн паралимпын наадамд оролцох эрхийг паралимпын шигшээ багаас З.Ганбаатар /буудлага/, Э.Содномпилжээ /Пауэрлифтинг/, Г.Болор-Эрдэнэ, Х.Энхтуяа /хоёул таеквондо/, Ц.Цогтгэрэл /хөнгөн атлетик/ нарын 5 тамирчин аваад байна. 





Холбоотой мэдээ