Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхийг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.
Хуулийн төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцуулав. Хуулийн төсөлд гадаадын ажиллах хүч, мэргэжилтний мэдээллийн санг бүрдүүлэх, ажил олгогч ажилтнаа мэдээллийн сангаас сонгох, гадаадаас ажилтан авахад орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагын оролцоог хангах, гадаад ажилтны тоог жил бүр Засгийн газар тогтоох, ажлын байрны төлбөрийн доод хэмжээг салбарын онцлогийг харгалзан хуулиар ялгаатай тогтоохоор тусгажээ. Мөн Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ эрхлэх харилцааг нарийвчлах, зуучлуулагчийн эрх ашиг зөрчигдөхөөс сэргийлэх, гадаадад ажиллаад ирсэн иргэдээ эргэн суурьшихад дэмжих төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, зуучлалын хөлсний нийт хэмжээ нь зуучлагдах ажлын байрны нэг сарын хөдөлмөрийн хөлснөөс хэтрэхгүй байхаар тогтоож, зуучлалын зардлын дийлэнх хэсгийг ажил олгогч хариуцахаар зохицуулсан байна.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Б.Бейсен, Л.Энх-Амгалан, Б.Баярсайхан, С.Чинзориг, Ц.Сандаг-Очир, Б.Бейсен, М.Оунчимэг, Ц.Мөнх-Оргил нар санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн дийлэнх нь сургууль, цэцэрлэгийн багш, ажилтан, хувь хүний болон өрхийн хэрэгцээнд зориулсан асаргаа, сувилгаа, гэрийн үйлчилгээ, барилга, замын ажил, машин засвар зэрэг монгол залуучууд ажиллах боломжтой ажлын байранд гадаадаас ажиллах хүч авахгүй байхаар зохицуулах, гадаадад ажиллаж байгаа иргэдийн бүртгэлийг шинэ шатанд гаргах, эрх ашгийг нь хамгаалах шаардлагатай гэсэн санал хэлж байлаа.
Ийнхүү санал хураахад байнгын хорооны гишүүдийн олонх нь хуулийн төслийг дэмжиж, санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.
Мөн хуралдаанаар “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Дээрх хоёр хуулийн төслийг УИХ-ын чуулганы энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд буй юм.