Монголоор дамжих байгалийн хийн хоолойг барих боломжийг судлах чиглэлээр идэвхтэй хамтран ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
delgermaa@yahoo.com
2020-12-28 20:46:24

ОХУ-ЫН ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД И.К.АЗИЗОВЫН ШИНЭ ЖИЛИЙН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ


Эрхэм хүндэт найзууд аа!

2020 онд коронавируст халдварын цар тахалтай байсан ч Орос, Монгол хоёр улс бүх талаар үргэлжлүүлэн хамтран ажиллалаа.

Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай хоёр талын хугацаагүй гэрээ 9 дүгээр сарын 21-ний өдөр хүчин төгөлдөр болсон. Бид Аугаа их Ялалтын болон Манжуурын стратегийн давшилтын ажиллагааны 75 жилийн ойг хамтдаа тэмдэглэлээ. 6 дугаар сарын 24-ний өдөр Монголын Зэвсэгт хүчний алба хаагчид Ялалтын баярын хүндэтгэлийн жагсаалтад оролцон, Улаан талбайгаар алхав. Монгол, Оросын найрамдал, хамтын ажиллагааны 60 дахь ойн өдрүүдийг цахимаар зохион байгууллаа. Эдийн засгийн салбарын хамтын ажиллагаа ид өрнөж, Улаанбаатар төмөр замыг шинэчлэх, Монголын нутаг дэвсгэрээр дамжих байгалийн хийн хоолойг барих боломжийг судлах, Евразийн эдийн засгийн холбоотой харилцах Монгол Улсын харилцааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллалаа.

2021 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр манай хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 100 жил, 3 дугаар сарын 22-ны өдөр сансарт хамтран ниссэний 40 жил гээд агуу ойн баярыг тус тус тэмдэглэнэ. Харин Монголын ард түмэн манай хоёр талын хамтын ажиллагааны түүхтэй салшгүй холбоотой Ардын хувьсгал, Монгол ардын нам, Зэвсэгт хүчний 100 жилийн, мөн Шинжлэх ухааны академийн 60 жилийн ойг тэмдэглэнэ.

Зовсны эцэст жаргана гэгчээр өнөөгийн зовлон бэрхшээл ард хоцорч, ирж буй үхэр жил нь бүхнийг сайн сайхнаар өөрчилж, бидний нөхөрлөл, иж бүрэн хамтын ажиллагааг улам бүр бэхжүүлэх болтугай.

Та бүхэнд 2021 оны Шинэ жилийн халуун мэнд хүргэе! Эрүүл энх, энх тайван, эв эе, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

 

Холбоотой мэдээ