АНУ Израил дахь Элчин сайдын яамныхаа байрыг худалджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-12-30 12:09:33

ТЕЛЬ-АВИВ. /TASS/. АНУ-ын эрх баригчид Израилын Тель-Авив хотын ойролцоох Херзлия хот дахь Элчин сайдын яамныхаа  /ЭСЯ/ байрыг 67.6 сая ам.доллароор худалджээ.


Тус сонинд бичиж буйгаар, АНУ-ын ЭСЯ-ны байрыг худалдах гэрээг долдугаар сарын 31-нд байгуулсан бөгөөд худалдах үнэ нь 230.3 сая шекель буюу тухайн үеийн ханшаар 67.6 сая ам.доллар байсныг Израилын Татварын алба энэ долоо хоногт нийтэлсэн тайландаа мэдээлжээ. "Херзлия хот дахь байрыг худалдсанаар АНУ-ын ЭСЯ-ыг Тель-Авив хотоос Иерусалим руу нүүлгэн шилжүүлэх АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрийг Цагаан ордны дараагийн эзэн цуцлахад төвөгтэй болох тул энэхүү алхам нь Трампын эл шийдвэрийг бэхжүүлэх зорилготой”  гэж тус сонинд онцолсон байна.


Херзлия дахь АНУ-ын ЭСЯ-ны байрыг Трамп болон Ерөнхий сайд Биньямин Нетаньяхуг тууштай дэмждэг Америкийн магнат Шелдон Аделсон худалдаж авсан гэж Израилын “Globes” сонин мэдээлжээ. Энэ мэдээллийг баталгаажуулах хүсэлтэд тэрбумтны төлөөлөгч тайлбар өгөхөөс татгалзсан гэж сонинд тэмдэглэсэн байна. Тус сонинд бичсэнээр, хэрэв энэ худалдаа явагдсан бол Америкийн Элчингийн байр Израилд урьд өмнө зарагдаж байсан үл хөдлөх хөрөнгүүдээс хамгийн үнэтэй нь болжээ. 


Иерусалим бол дэлхийн хамгийн маргаантай газруудын нэг. Израилын Засгийн газар тус хотыг бүхэлд нь улсынхаа “нийслэл” гэж үздэг. Харин палестинчууд мэдэгдэхдээ, “1967 онд Ойрхи Дорнодын дайны үеэр Израилын цэргүүд Зүүн Иерусалимыг хууль бусаар булаан эзэлсэн. Энэ хот бол Палестины ирээдүйн төрт улсын нийслэл хот” гэдэг билээ. НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Зүүн Иерусалим дахь Израилын эрхийг хэрэгсэхгүй болгож, дипломат төлөөлөгчийн газруудаа хотоос гаргахыг НҮБ-ын орнуудад уриалсан юм.


Одоогийн байдлаар Иерусалимд АНУ, Гватемалын ЭСЯ байрлаж бөгөөд 2018 оны тавдугаар сарын 14, 16-нд тус тус Тель-Авиваас ЭСЯ-аа нүүлгэн шилжүүлжээ. 


Холбоотой мэдээ