Халдвар авсан төрийн албан хаагчид мөнгөн тусламж олгох хуулийн төсөл өргөн барив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний цар тахлын голомтод ажиллаж байгаад халдвар авсан төрийн албан хаагчдад нэг удаагийн урамшуулал олгох тухай хуулийн төсөл өргөн барьсан талаар өнөөдөр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа мэдээлэв.
Тэрбээр, "УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхийнхээ хүрээнд дээрх хуулийн төслийг санаачилж УИХ-ын даргад өргөн барьсан. Хуулийн төсөлд, цар тахлын голомтод ажиллаж байгаа төрийн байгууллагын албан хаагч буюу эмнэлэг, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналт, гаалийн байгууллагын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж яваад халдвар авсан тохиолдолд төрөөс нэг удаа мөнгөн тусламж олгох тухай тусгасан. Монгол Улс өнөөдрийн байдлаар, коронавирусний цар тахал дотоодод тархсантай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа. Коронавирусний цар тахал, өвчлөлийн улмаас манай улс олон хүндрэл бэрхшээлийг даван туулж байна.
Албан үүргээ гүйцэтгэж яваад өвчилсөн 200 гаруй төрийн албан хаагч байна.
Засгийн газар, УОК-оос тухайн байгууллагын шугамаар тэдгээр алба хаагчдад тусламж олгож байгаа ч үүнийг төрийн хуулиар зохицуулах шаардлага бий гэж үзсэн" хэмээв.
Хуулийн төсөл батлагдсанаар, үнэнч, шударгаар албан үүргээ гүйцэтгэж байгаа төрийн албан хаагчдад итгэл, урам өгөхийн зэрэгцээ Монголын төр тэдгээр хүмүүсээ харж үздэг байх боломж нөхцөлийг хуулиар хангах ач холбогдолтойг тайлбарлав.