Жалгас Адилбаев: Казахстан улс шударга, ил тод сонгууль явуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-ны өдөр Казахстанд парламентын сонгууль болох гэж байгаатай холбогдуулан Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Жалгас Адилбаевтай ярилцлаа.
-Дэлхий нийтэд цар тахал хамгийн их тулгамдсан асуудал болж байна. Казахстан дахь нөхцөл байдал ямар байна, коронавируст халдварын хариу арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж байна вэ?
- Өнөөдрийн байдлаар Казахстан дахь байдлыг дунд гэж үнэлж болох бөгөөд дөрвөн муж “улаан бүс”-д орсон хэвээр байна. Казахстанд коронавирусний тархалтыг тогтворжуулсны дараа бага эрсдэлтэй бүсээс дунд руу шилжсэн, өөрөөр хэлбэл ногооноос шар бүсэд хамрагдаж байгаа. Өндөр эрсдэлтэй буюу улаан бүсэд Атырау, Павлодар, Акмола болон Костанай мужууд, ногоон буюу дунд зэргийн эрсдэлтэй бүсэд хойд Казахстан муж болон Нур-Султан, Алматы хотууд орсон.
12 дугаар сарын 30-ны байдлаар Казахстан Улсад коронавирусний халдварын нийт батлагдсан тохиолдол 153 925 хүрээд байна. Мөн 45 442 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарч коронавирусээр өвчилсөн хүмүүсийн 87% нь эдгэрсэн бөгөөд энэхүү үзүүлэлт нь өнгөрсөн оны 6-7 дугаар сард 60%-иас бага байсан.
Казахстаны Караганда эмийн цогцолборын байранд Оросын “Спутник V” вакциныг үйлдвэрлэх болсон нь бидэнд найдлага төрүүлсэн. Гэхдээ экспортын асуудал одоохондоо хөндөгдөөгүй.
Тус үйлдвэрийн технологийн хүчин чадал нь дотооддоо вакцин үйлдвэрлэхэд хүрэлцээтэй. 12 дугаар сарын 21-нд Караганды эмийн үйлдвэрийн цогцолборт Оросын “Спутник V” вакциныг үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд 6 мянган тун вакцины туршилтын багцыг чанарыг хянуулахаар ОХУ руу илгээсэн.
Бүх нийтийг вакцинжуулах ажил 2021 оны 2 дугаар сард эхэлнэ. Эхний ээлжинд сайн дурын үндсэн дээр эмнэлгийн ажилчид, багш нар, оюутнууд, хууль сахиулагчид, эрүүл мэндийн болон олон нийтийн байгуулага болон эрсдэлт бүлгийн иргэдийг вакцинжуулна.
Хямралын улмаас хамгийн их хохирсон салбарын хувиараа бизнес эрхлэгчдийг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас чөлөөлөх, торгуулийн төлбөрийг тооцох хугацааг дөрвөн хувиар багасгаж, татварын тайланг өгөх хугацааг хойшлуулах санал гаргасан. Хөдөө аж ахуйн салбарт үйл ажиллагаа явуулж буй 7000 гаруй аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдийг газрын татвараас чөлөөлсөн.
2020 оны 3 дугаар сард банкууд хадгаламжийн хүүг нэмэгдүүлэхгүй байх тухай зөвлөмжийг хүлээн авч, цэнгээний төвүүд, театрууд болон стадионууд үл хөдлөх хөрөнгийн татвараас чөлөөлөгдсөн. Онц байдлын үед иргэдийн барьцаагүй болон барьцаат зээлийг 90-ээс дээш хоногоор хойшлуулсан.
Засгийн газар болон орон нутгийн засаг захиргаанаас хүнсний аюулгүй байдлыг хангах сангийн нөөцийг нөхөх зорилгоор 32 тэрбум гаруй тенге хуваарилсан байгаа. Түүнчлэн хөл хорио тогтоогоод буй Нур-Султан болон Алматы хотуудын эмзэг бүлгийн хүн амд тусламж, дэмжлэх үзүүлэх зорилгоор 150 сая тенге олгохоор болсон.
Хүнд нөхцөл байдлын үед ажиллаж байгаа эмнэлгийн ажилтнуудын цалинг 2-3 дахин нэмж, иргэдийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг хойшлуулахаар шийдвэрлэсэн. Харин зээлийн төлөлтийн хугацааг хойшлуулахын тулд тухайн иргэн хөл хорионы улмаас ажил, орлогогүй болсноо нотлох шаардлагатай.
Энэ оны 4 дүгээр сард Алматы болон Нур-Султан хотуудад коронавирустэй тэмцэх зорилгоор 2 эмнэлэг барьсан. Харин 6 дугаар сард Шымкент хотод нэг эмнэлэг нэмж ашиглалтад орууллаа. Онцгой дэглэмийн улмаас санхүүгийн хүнд байдалд орсон иргэдэд сар бүр 42 500 тенгегийн тэтгэмж олгосон бөгөөд энэ хүрээнд улсын нийгмийн даатгалын сангаас 200 тэрбум тенге гаргасан.
Энэ оны 3 дугаар сарын 31-ний өдөр Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тэтгэвэр тэтгэмж, ялангуяа нийгмийн халамжийг жилийн дүнгээр 10%-иар индексжүүлэхийг зарлиг болголоо. Хаврын тариалалтын ажлыг санхүүжүүлэхийн тулд 170 сая тэрбум тенге хуваарилж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн хувьд дизель түлшний үнийг 165 тенге буюу 15 хувиар бууруулсан.
Хямралын эсрэг арга хэмжээнд нийтдээ 10 тэрбум доллар /4 тэрбум тенге гаруй/ зарцуулахаар төлөвлөсөн боловч энэ нь 5,9 их наяд тенге болон нэмэгдсэн.
-Казахстан болон Монгол Улс харилцан иргэдээ татан авах ажлыг зохион байгуулсан. 2021 онд энэ ажлыг үргэлжлүүлэх үү. Ойрын хугацаанд тусгай нислэг үйлдэх үү?
- Коронавирусний тархалттай холбогдуулан талууд иргэдээ харилцан татан авахын тулд нэлээд хүчин чармайлт гаргасан. Энэ оны 6 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 30-ны хооронд MИAT компани тусгай онгоцоор Монголд саатсан Казахстаны 100 иргэнийг, мөн Казахстанд саатсан 270 монгол иргэнийг эх оронд нь авчирсан. Харин 9 дүгээр сарын 28, 11 дүгээр сарын 8-ны өдрүүдэд “Хүннү Эйр” компанийн онгоцоор Алматы хот руу Казахстаны 20 гаруй иргэнийг хүргэж, Монголын 190 иргэн нутагтаа буцаж ирсэн.
Одоо ч гэсэн Казахстанд Монголын иргэд байгаа учраас цаашид ч танай талтай хамтран энэ ажлыг үргэлжлүүлнэ гэж бодож байгаа. Казахстаны тал иргэдээ татан авах ажлыг 2020 онд дуусгасан. Тусгай нислэгийг зохион байгуулах ажил Монгол Улсын Онцгой комиссын шийдвэрээс шалтгаална.
-2021 оны 1 дүгээр сард Казахстанд БНКазУ-ын парламентын доод танхим буюу Мажилисийн сонгууль болно. Үүнтэй холбогдуулан шинжээчид ямар таамаглал урьдчилан дэвшүүлж байна?
- БНКазУ-ын парламентын доод танхим буюу Мажилисийн ээлжит сонгууль 2021 оны 1 дүгээр сарын 10-нд болохоор товлогдсон байгаа. Мажилис нь 107 гишүүнтэй бөгөөд тэдгээрийн 98 нь намын жагсаалтын дагуу улс төрийн намуудаас, харин 9 нь Казахстаны Ардын Чуулганаас /Ассамблей/ сонгогдоно.
Энэ жил Казахстанд олон намын тогтолцоо, улс төрийн хүчнүүдийн өрсөлдөөнийг хөгжүүлэх, ард түмний оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ардчилсан шинэчлэлүүд хэрэгжүүлснийг дурдах нь зүйтэй байх. БНКазУ-ын сонгуулийн тухай, Улс төрийн намуудын тухай хуулиудад өөрчлөлт оруулсан бөгөөд энэ нь Казахстаны улс төрийн тогтолцоог үргэлжлүүлэн шинэчлэх ажлын чухал хэсэг болох юм.
Эдгээр нэмэлт өөрчлөлтийн дагуу сөрөг хүчний төлөөлийг оруулах ажил хийгдсэн. Одоо Мажилисийн байнгын хорооны нэг тэргүүн, хоёр нарийн бичгийн дарга нь парламент дахь сөрөг хүчний гишүүд дундаас сонгогдоно.
Сөрөг хүчин нь парламентын чуулганы үеэрх сонсголыг дор хаяж нэг удаа удирдан явуулах, мөн чуулганы үеэр засгийн газрын цагийн хуваарийг дор хаяж хоёр удаа тогтоох эрхтэй болсон .
Хоёрдугаарт, “Бүгд Найрамдах Казахстан Улсын сонгуулийн тухай хууль” болон “Улс төрийн намуудын тухай хууль”-д манай парламентын түүхэнд анх удаа эмэгтэйчүүд болон залуучуудад намын жагсаалтын дагуу 30 хувийн квот олгох тухай заалт тусгасан.
Гуравдугаарт, сонгуулийн праймериз системийн дагуу анх удаа сонгуулийг явуулах гэж байна. Энэ нь намаас нэр дэвшигчдийг томилохгүй, харин намын дотоод өрсөлдөөнөөр сонгогдоно гэсэн үг юм. Гэхдээ зөвхөн нэг нам буюу “Nur Otan” нам нь праймериз системийг сонгосон, харин бусад нам хуучин журмын дагуу нэрээ дэвшүүлнэ.
Сонгуульд оролцох улс төрийн намуудын гишүүдийн тоог 40 мянгаас 20 мянга болгон бууруулсан нь Казахстаны намын тогтолцоог цаашид хөгжүүлэхэд бас нэгэн чухал алхам болсон. Хуульд оруулсан эдгээр өөрчлөлт нь манай улс төрд намын нөлөөллийг нэмэгдүүлэхэд түлхэц үзүүлнэ. Тэдгээр нь улс төрийн шинэ нам байгуулагдах дүрэм, журмыг хөнгөвчилж, идэвхжүүлэх бөгөөд цаашлаад Засгийн газрын шийдвэр гаргах явцад эергээр нөлөөлнө гэж үзэж байна.
Өнөөдрийн байдлаар Казахстан улсад 6 улс төрийн нам бүртгэгдсэн: эрх баригч “Nur Otan” нам, Ак жол (Казахстаны ардчилсан нам), Казахстаны Коммунист ардын нам, Ардын ардчилсан нам “Ауыл”,“Бирлик” нам, Үндэсний социал-демократ нам /ОСДП/.
“Бүгд Найрамдах Казахстан Улсын сонгуулийн тухай” хуулийн дагуу 25-аас дээш насны, сүүлийн 10 жил Казахстанд тогтмол амьдарсан иргэн парламентын гишүүнээр сонгогдох боломжтой. Одоогоор БНКазУ-ын Сонгуулийн төв хороонд 5 улс төрийн нам сонгуульд оролцохоор бүртгүүлсэн ба нийт 312 нэр дэвшигч байгаагийн 90 нь эмэгтэйчүүд. 29 хүртэлх насны нэр дэвшигч 19 хүн байна. Нэр дэвшигчдийн дундаж нас 46,7. Намын жагсаалтааар одоогийн буюу 6 дахь Мажилисийн гишүүдээс 34 нь орсон байна.
“Нур Отан” намын жагсаалтад 126 нэр дэвшигч, Казахстаны Ардын намын /хуучин Казахстаны Коммунист ардын нам/ жагсаалтад 113, “Ак жол” ба “Адал” намуудын жагсаалтад /хуучин “Бирлик” нам/ 38, 16 нэр дэвшигч байдаг. Санал хураалтад намууд дараах дарааллаар төлөөлнө: Казахстаны Ардын нам, “Нур Отан”, “Ауыл”, “Ак жол”, “Адал”.
Одоогийн Мажилисийн 84 гишүүн нь“Нур Отан” намаас, харин “Ак жол” болон Ардын намууд тус бүр 7 суудалтай байгаа.
12 дугаар сарын 10-ны өдрийн 18.00 цагаас Казахстанд сонгуулийн өмнөх сурталчилгаа эхэлсэн бөгөөд энэ нь 1 дүгээр сарын 9-ний 0:00 цаг хүртэл үргэлжилнэ. Санал хураалтаас нэг өдрийн өмнө сурталчилгааг зогсоох бөгөөд 5 өдрийн өмнө болон санал хураалтын өдөр сонгуультай холбоотой санал асуулга, урьдчилсан таамаглал, судалгааны дүнг нийтэлж олон нийтэд хүргэхийг хориглосон. Сонгуулийн тухай хуульд 2018 онд оруулсан нэмэлт өөрчлөлтийн дагуу бие даан нэр дэвших боломжгүй.
Удахгүй болох сонгуулийн үр дүнгийн талаарх урьдчилсан таамаглалын хувьд, зарим улс төрийн хүчний ялалт байгуулах магадлалыг үнэлэх нь тийм ч оновчтой биш байх гэж бодож байна. Удахгүй болох БНКазУ-ын Мажилисийн сонгууль нь амжилттай, шударга, ил тод болж өнгөрнө гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн Казахстаны болон олон улсын хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, нэлээд хэдэн орны болон олон улсны ажиглагчид цар тахлыг үл харгалзан ажиглагчаар оролцохоор болсон.
Удахгүй болох сонгууль нь улс орны улс төрийн тогтолцооны шинэчлэлийг хангах улс төрийн тогтолцоог шинэчлэх ажлыг тууштай хэрэгжүүлнэ гэдгийг дахин баталж байгаа хэрэг.
- Монгол, Казахстаны хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хоёр улсын Засгийн газар ямар арга хэмжээ хэрэгжүүлж байна вэ?
- Цар тахал нь Казахстан, Монгол Улсын гадаад худалдаа болон гадаад эдийн засгийн бодлогод шинэ өөрчлөлт орууллаа. Харилцан айлчлал, хэлэлцээр зохион байгуулах боломж нь хязгаарлагдмал болсон тул 2020 оноос цахим уулзалтад шилжиж, айлчлалуудаа хойшлуулахаас өөр аргагүй болсон.
2020 онд Бүгд Найрамдах Казахстан Улс, Монгол Улсын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсаны 27 жилийн ой тохиосон. 2020 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Мюнхен хотноо болсон Олон улсын аюулгүй байдлын асуудлаарх бага хурлын үеэр БНКазУ-ын Гадаад хэргийн сайд М.Тилеуберди болон Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар уулзсан. Нөхцөл байдал хүнд байсан хэдий ч манай хоёр улс худалдаа-эдийн засгийн харилцааг хөгжүүлэх чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлснийг дурдмаар байна. 2020 оны эхний 9 сарын байдлаар хоёр талын худалдааны эргэлт 47,6 гаруй сая ам.долларт хүрсэн. Үүнээс Казахстаны экспортын хэмжээ - 46,5 сая ам.доллар, Казахстаны импортын хэмжээ – 1,04 сая ам.доллар. Мэдээжийн хэрэг, бидэнд цаашид худалдаа-эдийн засгийн хамтын ажиллагааг улам хөгжүүлэх боломжууд нээлттэй байгаа.
2020 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-технологийн болон соёлын хамтын ажиллагааны тухай Казахстан, Монголын засгийн газар хоорондын комиссын 8 дахь хуралдаан цахимаар болсон. Хурлыг Казахстаны талыг Бүгд Найрамдах Казахстан Улсын Худалдаа, интеграцын сайд Бахыт Султанов, харин Монголын талыг Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Аюушийн Ариунзаяа нар даргалсан .
2020 оны хоёрдугаар хагаст БНКазУ болон Монгол Улс хооронд Тэтгэвэр олгох хэлэлцээрийн төслийг хэлэлцэх шинжээчдийн багийн 5, 6 дахь хурлыг цахимаар явуулсан. Үүний үр дүнд талууд энэхүү баримт бичгийн төслийн гол асуудлуудыг авч хэлэлцсэн.
2020 оны 3 дугаар сард Улаанбаатар хотод “Kazakh Export” хувьцаат нийгэмлэгийн тэргүүний орлогч А.Калигазин болон “УБТЗ” ХНН-ийн удирдлага болон “Bodi International” компаниуд Казахстанаас төмөр замын үйл ажиллагаанд хэрэглэгддэг тоног төхөөрөмжийн худалдан авалтыг санхүүжүүлэх урьдчилсан нөхцөл, шаардлагын талаар хэлэлцээ хийсэн.
Энэ оны 6 дугаар сард Казахстаны Нисэхийн үйлчилгээний газраас Монголын агаарын тээврийн “Хүннү эйр” компанид Улаанбаатар – Алматы чиглэлд нислэг үйлдэх зөвшөөрөл өгсөн бөгөөд “Хүннү эйр” нь албан ёсоор 9 дүгээр сарын 28-ны өдрөөс нислэг үйлдэж эхэлсэн.
2020 оны 10 дугаар сарын 14-нд БНКазУ болон Монгол Улсын ГХЯ-дын зөвлөлдөх уулзалтыг цахимаар зохион байгуулж нэлээд өргөн хүрээний асуудлыг хэлэлцсан юм. Түүнчлэн Евразийн Эдийн засгийн комиссын Зөвлөлөөс Евразийн Эдийн засгийн холбоо, Монгол Улсын хооронд Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах боломжийг судлах хамтарсан судалгааны баг бий болгох шийдвэрийг Казахстан Улс дэмжсэнийг тэмдэглэх нь зүйтэй. Манайх Евразийн эдийн засгийн холбоотой хамтын ажиллагааны хүрээнд Монголтой цаашид нягт хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхийг зорьж байна.
Ногоон санхүүгийн төв, “Астана” Олон улсын санхүүгийн төв болон Монголын Тогтвортой санхүүжилтийн холбооны хоорондын хамтын ажиллагаа үр дүнтэй үргэлжилж байна.
Бизнесийн салбарт Казахстаны Гадаад худалдааны танхим болон Монголын худалдааны танхим ба бусад бизнесийн холбоод хоорондоо холбоо тогтоосон. Ирээдүйд Улаанбаатар хотод Казахстаны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөсөн.
1993 оны хоёр улсын Засгийн газар хооронд олон улсын зорчигч ба ачаа тээвэрлэлтийн тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд цар тахал дэгдэх хүртэл Өлгий-Караганда, Өлгий-Алматы чиглэлд олон улсын зорчигч тээврийн үйл ажиллагаа явагдсаар ирсэн. Байдал тогтворжсоны дараа зорчигч тээврийн харилцааг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний өмнө хөдөө аж ахуй, газар тариалан, амтат гуа тариалангийн чиглэл, мал аж ахуй эрхлэх чиглэлээр хамтран ажиллах өргөн боломж бий. 2020 оны туршид холбогдох төрийн байгууллагууд болон хэлтсүүд хоёр улсын засгийн газрын хоорондын олон тооны гэрээ хэлэлцээрүүдийг боловсруулж, хэлэлцсэн бөгөөд цаашид өндөр түвшний харилцан айлчлалуудын үеэр дээр дурдсан баримт бичгүүдэд гарын үсэг зурах болно.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2019 оны 10-р сарын 10-12-ны өдрүүдэд Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлал нь хоёр талт худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг онцолмоор байна.
Соёл-хүмүүнлэгийн чиглэлээр гэвэл 2020 оны 10 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатарт яруу найрагч А.Кунанбайн 175 жилийн ой, эрдэмтэн Абу Насыр аль-Фарабигийн 1150 жилийн ойд зориулсан үйл ажиллагаа болсныг дурдъя. Үүнээс гадна, 10 дугаар сард Улаанбаатар хот дахь Д.Нацагдоржийн нэрэмжит Төв номын санд Абай, аль-Фараби нарын амьдрал, уран бүтээлийн талаар өгүүлсэн номын болон гэрэл зургийн үзэсгэлэнг гаргасан.
Ташрамд дурдахад, БНКазУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Төрийн захиргааны удирдлагын академи болон Монгол Улсын Засгийн газрын харьяа Төрийн захиргааны академийн 2017-2020 оны хамтарсан ажлын төлөвлөгөө энэ жил дуусаж байгаа. Энэ хамтын ажиллагаа цаашид ч гэсэн үргэлжлэлээ олно гэж найдаж байгаа. Мөн 2021 онд хоёр улсын засгийн газрууд худалдаа-эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн салбарт харилцан ашигтай, иж бүрэн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулна гэдэгт итгэлтэй байна.
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа!
-2020 он амаргүй жил байсныг бид бүгдээрээ мэдэж байгаа. Хүн төрөлхтний амьдралын хэв маягийг өөрчилсөн шинэ сорилт болох цар тахалтай нүүр тулж байна. Гэсэн хэдий ч, 2020 ондоо манайхан МОНЦАМЭ мэдээллийн агентлагтай үр бүтээлтэй хамтарч ажилласан. Бид тогтсон ажил хэрэгч, найрсаг харилцааг хадгалж үлдэнэ гэдэгт итгэж байна. Мөн цаашид ч гэсэн бидний харилцан ашигтай хамтын ажиллагаа үргэлжилнэ гэж найдаж байна.
Үүнээс гадна, ирж буй 2021 онд Kazinform болон МОНЦАМЭ агентлагууд хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй хөгжинө гэдэгт найдаж буйгаа дурдмаар байна.
Энэ завшааныг ашиглан, МОНЦАМЭ агентлагийн хамт олон болон нийт уншигчиддаа Шинэ жилийн баярын мэнд хүргэе. Ах дүүгийн харилцаатай Монголын ард түмэнд хөгжил, цэцэглэлт, 2021 онд айл өрх бүр эрүүл энх, аз жаргалтай байхын ерөөлийг дэвшүүлье.
Казахстан болон Монголын хамтын ажиллагаа шинэ эрч хүчээ авна гэдэгт итгэл төгс байна.