Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтыг эхлүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-01-08 17:40:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аймаг, орон нутгийн ИТХ оны өмнө хуралдан 2021 онд орон нутагт хийх бүтээн байгуулалтын ажлуудаа зарлалаа. 

Говь-Алтай аймаг энэ онд боловсролын чанарыг дээшлүүлэх "Ухаалаг Алтай" болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэх "Эрүүл Алтай" гэсэн хоёр хөтөлбөр хэрэгжүүлэхээ мэдэгдлээ. Дээрх хөтөлбөрүүдийн хүрээнд Алтай хотын усан хангамжийг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилт тавьжээ. 

Тэгвэл Ховд аймагт энэ онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр 30 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн. Үүнд, 50 ортой хүүхдийн эмнэлэг болон политекникийн коллежийг ашиглалтад оруулах юм. Эхний ээлжинд баруун бүсэд хамгийн том, анхны цементийн үйлдвэрээ бүрэн нээж ажиллуулна. Мөн засмал замын марштурыг өргөжүүлж сумдыг босоо, хэвтээ тэнхлэгийн замуудтай холбох аж. 

Түүнчлэн дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтад Ховд-Улаангом гэсэн баруун бүсийн хоёр аймгийг холбосон хатуу хучилттай зам орж, замын ажлыг эхлүүлэх талаар Ховд аймгийн ИТХ-аас тогтожээ. Мөн Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалт эхэлнэ гэдэгт найдаж буйгаа аймгийн ИТХ-ын төлөөлөгчид илэрхийлж байна. 


Говьсүмбэр аймаг гэр хорооллын айл өрхийг цахилгаанаар бүрэн хангах эрчим хүчний шугамыг татаж холбохоор төлөвлөжээ. Энэ ажлыг 211 сая төгрөгөөр хийхээр тусгасан. Тус аймагт энэ онд улсын төсвөөс 8.3 сая төгрөгийн, орон нутгаас 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм. Эдгээр хөрөнгөөр 320 хүүхдийн дунд сургууль, "Боржигон" чуулга болон аймгийн цагдаагийн байгууллагын барилгуудыг барих аж. 

Баруун бүсэд эхлэх хамгийн том бүтээн байгуулалт нь Эрдэнэбүрэнгийн УЦС юм. Тус станцын хүчин чадал 64.2 МВт байх бөгөөд баруун бүсийн эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг найдвартай эх үүсвэрээр хангах зорилготой, Засгийн газрийн мөрийн хөтөлбөрт тусгасан, ЭХЯ-наас зарлаад буй томоохон бүтээн байгуулалт юм. 


Холбоотой мэдээ