А.Амбасэлмаа: БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн халдварын голомт хумигдсан
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт гарсан коронавирусний халдварын голомт бүрэн хумигдсаныг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлээд сэтгүүлчийн асуултад хариулав.
Тус эмнэлэгт
өнгөрсөн 12 дугаар сарын 16-нд халдварын голомтын анхны тохиолдол бүртгэгдэж, эндээс халдвар авсан эмнэлгийн ажилтан, өвчтөн, хэвтээд гарсан хүмүүстэй
холбоотой голомтыг хяналтад авчээ.
Харин халдвар гинжин
хэлхээгээр явдаг учир гэр бүлийн 2 дахь, 3 дахь халдвар үргэлжилж байгаа. Энэ
голомтын дам харилцагчаас өнөөдөр 2 хүний шинжилгээ эерэг гарсан. Баянзүрх
дүүргийн эмнэлэгт гарсан голомтолсон халдварын 326 тохиолдолоос 30 гаруй нь
эмнэлгийн ажилтан аж.
-Тэтгэвэрт гарсан
эмч, мэргэжилтэнг бэлэн байдалд байх мэдээлэл өгсөн нь үнэн үү?
-Цар тахлын үед хүний
нөөцөө бүрдүүлэх, дайчлан ажиллуулах төлөвлөгөөний дагуу эмнэлгийн байгууллага,
анагаах төгссөн оюутан, эмч ажилтнаа нөөцөд байлгана. Тангараг өргөсөн эмч нар
ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлж байгаа.
-Халдвар авсан иргэнтэй ойр харилцсан хүнийг тусгаарлаад эхний шинжилгээ сөрөг гарсан ч дунд нь шинжилгээ авахад тусгаарлах байрнаас халдвар авсан гомдол бий. Тусгаарлалтад байгаа хүн халдвар авахгүй байх нөхцөл бүрдүүлсэн үү?
-Коронавирус хүний биед
ороод тодорхой нууц үе өнгөрдөг. Халдварын нууц үеийн хугацаа 1-14 бол өнгөрсөн
хугацаанд Монголд 1-7 хоногт илэрч байна. Халдвар авсан
ч шинж тэмдэг илрээгүй хугацаанд эрүүл хүн шиг байна. Халдвартай иргэнтэй ойр
харилцсан хүний 81 хувь нь эхний шинжилгээгээр, 10 гаруй хувь нь 2 дахь, 3-4
хувь нь 3 дахь шинжилгээгээр илэрч байна. Эхний шинжилгээг 24 цагт, 2
дахийг 7 хоногт, 3 дахь жиншилгээг 14 хоногт авч байгаа. Ажиглан тусгаарлах
байранд хүмүүсийг нэг нэгээр тусгаарладаг. Хүүхэдтэй ам бүлийг гэр
бүлээр нь тусгаарлаж байгаа.