Ажлын үнэмлэхийг давхар шалгаж байна

Монголын мэдээ | Нийгэм
192@montsame.mn
2021-01-09 17:16:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөл хорионы үеэр зөвшөөрсөн 15 байгууллагын алба хаагч, ажилтнууд замын хөдөлгөөнд оролцохдоо ажлын үнэмлэхтэй зорчихыг НОК-оос анхааруулж байна. 

"COVID-19"-ийн халдварын цар тахлаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед зөвшөөрсөн байгууллагуудын тээврийн хэрэгсэлд QR код олгож замын хөдөлгөөн оролцуулж байгаа. Тэгвэл хуурамч QR код үйлдэх болон зөвшөөрсөн байгууллагын ажилтан биш хүмүүс QR код ашиглан зорчих зэрэг зөрчил гарсаар байна. Тиймээс ажлын үнэмлэхгүй хөдөлгөөнд оролцож буй автомашины QR кодыг хураан авахаар болжээ. Иймээс үйл ажиллагааг нь зөвшөөрсөн 15 салбар, чиглэлийн алба хаагч, ажилчид өөрсдийгөө нотлох ажлын үнэмлэхээ биедээ авч, давхар тулган шалгуулж замын хөдөлгөөнд оролцох юм. Хөл хорионы үед дараах 15 байгууллага ажиллана:

  • Эрчим хүч, дулаан, шахмал түлш
  • Хүнсний хангамжийн үйлдвэрлэл, түгээлт, тээвэрлэлт
  • Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлт
  • Малын өвс тэжээлийн түгээлт, тээвэрлэлт
  • Улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект, хүч хэрэгслийн хангамж, тээвэрлэлт
  • Нийтийн тээвэр, зөвшөөрөлтэй такси үйлчилгээ
  • Хот суурин улсын хангамж ариутгал, татуургын ашиглалт
  • Эрүүл мэндийн байгууллага, эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж
  • Банкны салбарын үйл ажиллагаа
  • Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан
  • Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд
  • Хууль тогтоох байгууллага, шүүх, прокурор, өмгөөлөл, нотариатын  үйлчилгээ /Тодорхой журмаар зохицуулагдана/
  • Төрийн захиргааны байгууллагын үйл ажиллагаа /Төрийн захиргааны албаны ажилчдын 10-15 хувийг ажиллуулна/
  • Хүүхэд хамгаалал, асрах хамгаалах байрууд
  • Буян,оршуулгын үйл ажиллагаа

Холбоотой мэдээ