Назарбаевын нам парламентын сонгуульд тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-11 10:08:38

АЛМА-АТА. /Кazinform/. Казахстаны парламентын сонгуульд тус улсын Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын “Нур Отан” нам тэргүүлж байгааг "Когамдык пікір" ("Олон нийтийн санаа бодол") хүрээлэнгийн санал асуулгын дүн харуулжээ.


Сонголтоо хийснийх нь дараа иргэдээс авсан санал асуулгын дүнгээр (exit poll), “Нур Отан” нам 71.97 хувийн санал авчээ. Мажилис буюу парламентын доод танхим, мөн орон нутгийн хурал маслихатын сонгууль ням гарагт болсон бөгөөд Нур-Султаны цагаар 21:00 цагт дуусаж, санал тоолж байна.


"Когамдык пікір" хүрээлэнгийн захирал Айнур Мажитовагийн мэдээлснээр, санал асуулгын дүнгээр хоёрдугаарт, 10.18 хувийн саналаар "Ак Жол" нам, гуравдугаарт, 9.03 хувийн саналаар Казахстаны Ардын нам оржээ. "Ауыл" (5.75 хувь), "Адал" (3.07 хувь) намууд долоон хувийн босгыг давж чадаагүй байна.


Казахстаны сонгуульд “Нур Отан”, "Ак жол", Казахстаны Ардын нам (өнгөрсөн оны 11 дүгээр сар хүртэл Казахстаны Коммунист Ардын Нам гэж нэрлэдэг байв), Ардын ардчилсан эх оронч нам "Ауыл", "Адал" гэсэн таван нам оролцжээ.  Өөр нэг нам болох Үндэсний социал-демократ нам сонгуулийг бойкотлох шийдвэр гаргасан байна.


Мажилис нь 107 депутатаас бүрдэх бөгөөд 98-ыг нь пропорциональ-жагсаалтын тогтолцоогоор ард түмнээс сонгодог. Парламентад сонгогдохын тулд долоон хувийн босгыг давах ёстой. Мажилисийн депутатын есийг нь тус улсад амьдардаг бүх угсаатны ашиг сонирхлыг төлөөлдөг зөвлөлдөх, зөвлөх эрхтэй байгууллага болох Казахстаны Ардын Ассамблейгаас сонгодог байна. Энэхүү байгууллагыг Назарбаев тэргүүлдэг аж. 

 


Холбоотой мэдээ