Нийт тохиолдлын 7-8 хувь нь хороо гудамж, орцондоо халдвар авчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-01-13 14:17:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын дотоодод бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлын 40 хувь нь гэр бүлийн гишүүдээсээ, 7-8 хувь нь хороо гудамж, орцноосоо халдварт өртжээ.  


Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын 1469 тохиолдол бүртгэгдээд байна. Үүний 409 нь зөөвөрлөгдсөн, бусад нь дотоодод илэрсэн тохиолдол юм. Эдгээрээс нэг хамт олон дунд халдварласан байдал 20 хувь, гэр бүлийн дотроос 40 хувь, олон нийтийн үйл ажиллагаанд оролцсоноос 10 гаруй хувь, хороо гудамж, орцноосоо 7-8 хувь, өвчтөнтэй хавьталд орсноос 20 хувь нь халдвар авсныг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээллээ.


Ийнхүү ойр байсан хүмүүс өвчинд өртөх магадлал их байгаа тул аль болох бөөгнөрлийг сааруулах, 1,5-2 метрийн зай барьж харилцахыг тэрээр зөвлөлөө. Энэ дэглэм нь улсын хэмжээний тархалт болгохгүй байх гол арга хэмжээ болж байна.


Ялангуяа, нийслэл хотод хамт олны дундах тархалт бусад орныхтой харьцуулахад өндөр байгаа. Тиймээс ЭМЯ-наас, бүх ажилчдын 30 хувийг ажлын байранд ээлж дараатай ажиллуулах, дотоод гадаад орчиндоо амны хаалт зүүлгэх шаардлагыг сүүлийн 2 сарын хугацаанд байнга анхааруулж байгаа юм.



Холбоотой мэдээ