Японд онцгой байдал тогтоосон бүсийг өргөтгөлөө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2021-01-14 10:10:59

ТОКИО. /NHK/. Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ коронавирусний халдварын тархалтыг хяналтад авахын тулд дахин долоон мужид онцгой байдал зарлаж буйгаа мэдэгдлээ. Тэрбээр лхагва гаргийн орой болсон Засгийн газрын ажлын хэсгийн уулзалтын дараа энэхүү мэдэгдлийг хийжээ.


С.Ёшихидэгийн мэдээлснээр, "COVID-19" халдварын тохиолдлын тоо Токиогийн бүсээс гадна төв, баруун хэсгээр нэмэгдэх болсон тул томоохон хотын бүсүүдээс орон даяар тархахаас өмнө урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай болсон ажээ.


Өнгөрсөн долоо хоногоос Токио болон тус хоттой зэргэлдээ оршдог гурван мужид онцгой байдал тогтоогоод байсан бол ийнхүү Осака, Хиого, Киото, Аичи, Гифү, Фүкүока, Точиги мужид цаашид ижил арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна. Японы 11 мужид тогтоосон онцгой байдлын дэглэм ирэх хоёрдугаар сарын 7 хүртэл үргэлжлэх юм.


Мөн Японы Ерөнхий сайд бүс нутгийнхаа шаардлагад нийцсэн зохистой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг орон нутгийн засаг захиргаадаас хүсээд, төв Засгийн газар шаардлагатай тохиолдолд дэмжлэг үзүүлнэ гэдгийг амласан байна. 

Холбоотой мэдээ