Нийтийн такси үйлчилгээний 100 гаруй жолоочид зөвлөмж танилцууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-15 13:46:51

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн ИТХ-ын ажлын албанаас “Хариуцлагатай байя, хамтдаа сэргийлье” аян зохион байгуулав.

Тус аяны зорилго нь коронавирусний халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, орон нутгийн иргэдийг халдвар хамгааллын дэглэм баримтлахад дэмжлэг үзүүлэхэд чиглэж буй.

Энэ хүрээнд эхний ээлжинд аймгийн төв буюу Жаргалант суманд нийтийн такси үйлчилгээ эрхэлж буй 100 гаруй жолоочид амны хаалт, гар ариутгагч олгосон юм. Улмаар коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж бүхий бусад зүйлийг хүлээлгэн өгч, өөрийнхөө болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалж, мэргэжлийн байгууллагаас өгч буй зөвлөмжийг чанд баримтлан ажиллахыг уриаллаа.

Тус ажлын үр дүнд жолооч нар амны хаалтаа тогтмол зүүхээс гадна машиндаа гар ариутгагч байршуулан ашиглах, коронавирусний халдвараас сэргийлэх зөвлөмж материал наах, үйлчлүүлэгчидтэй мэдээлэл солоилцох зэргээр болзошгүй эрсдэлээс хамтдаа сэргийлэх боломж бүрдсэн гэж албаныхан хэллээ.

Түүнчлэн аяны үйл ажиллагааг цаашид төрийн бусад байгууллага дэмжин үргэлжлүүлж, шинэ санаачилга өрнүүлж ажиллахыг аймгийн ИТХ-ын ажлын албанаас уриалав. 

Холбоотой мэдээ