Ховдын хүн амын 81.8 хувь нь гар утастай

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-15 15:04:06

Ховд /МОНЦАМЭ/. Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын Ховд аймгийн нэгдсэн дүнгээр хүн ам 89712, өрхийн тоо 22513 болсон байна. 

Ховд аймгийн хүн ам насны бүтцийн хувьд залуу хэвээр байна. Нийт хүн амын 38 хувийг 14 хүртэлх насны хүүхэд эзэлж байна. Харин 15-64 насныхан хүн амын 62.5 хувь, 65 ба түүнээс дээш насныхан 3.7 хувийг эзэлж буй.

Ховд аймгийн хүн амыг суурьшлын бүсээр ангилж үзэхэд, нийт хүн амын 35.0 хувь нь аймгийн төвд байна. Мөн баруун бүсэд 19.3, өндөр уулын бүсэд 11.9, төвийн бүсэд 14.9, тал хээрийн бүсэд 18.9 хувь нь оршин сууж байна.

Ховд аймагт зургаа ба түүнээс дээш насны нийт суурин хүн амын 81.8 хувь нь гар утас хэрэглэж байгаа бол 51.0 хувь нь интернэт хэрэглэгч байна.

Тодруулбал, зургаа ба түүнээс дээш настай хүн ам 74903 байна. Үүнээс 61271 иргэн гар утас хэрэглэдэг аж. Харин гар утас хэрэглэдэггүй 13632 иргэн байна гэх судалгааны дүн гарсан талаар эх сурвалжид тусгажээ.  

Ташрамд, хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогоор Ховд аймгийн зургаа ба түүнээс дээш насны суурин хүн амын 64.7 хувь буюу 37699 иргэн гар утас хэрэглэж байв. Үүний 50.5 хувь нь эрэгтэй, 49.5 хувь нь эмэгтэй байсан аж. 

Холбоотой мэдээ