Малчин өрхийн өсөн нэмэгдэх орлогын загвар
ТОЙМ
Таван хошуу малаас тэмээ 251 толгойгоор өсөж, бусад 4 төрлийн малын тоо, толгой өнгөрсөн жилээс 5.5 хувь 3 сая 900 мянгаар буурчээ. Түүнээс хонь 2.2, ямаа 1.5 саяар, адуу 122 мянга 100, үхэр 21.800-гаар тус бүр буурсан байна. Мал тоолж эхэлсэн (1918 он) зуу гаруй жилд хамгийн олон мал тоолуулсан жил нь одоогоор 2019 он болжээ. Монгол орны газар шороог түүнээс олон тооны мал тамгалж байгаагүй бололтой.
Малын тоо, толгой буурсан үзэгдлийг янз бүрээр тайлбарлаж байна. Түүний нэг нь УИХ-аас “Малын тоо, толгойн татварыг сумын ИТХ тогтоож болох” тухай хууль баталсантай холбож байгаа юм. Сум, дүүргийн ИТХ ийм төрлийн татвар тогтоож болно. Гэхдээ түүнийг авахгүй байх, тогтоохгүй байх зохицуулалт бас бий. Түүгээр зогсохгүй энэ жилийн хувьд 7 дугаар сарын 1 хүртэл энэ татварыг авахгүй гэж Засгийн газар шийдсэн байна билээ. Татвар тогтоож авсан тохиолдолд зориулалтыг нь нарийвчлан хуульчилж өгсөн. Нэг үгээр хэлбэл, тухайн татвараар төсвийн цоорхой нөхөхгүй. Харин малын бэлчээр сэргээх, бэлчээр усжуулахад зориулна. Тэглээ ч сүүлийн 3 жилд малын тоо толгойд огцом өсөлт гараагүй. Түүнийг малчид малаа таваарлаг болгож малын тоо, толгойноос илүүтэй чанарт анхаарах болсон гэж хөдөө аж ахуйн зарим мэргэжилтэн тайлбарладаг.
Тухайлбал, Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл багийн
малчин Д.Ганбаатар мянга гаруй малтай бөгөөд тэднийх 2017 оны намар
хуц, ухна тавиагүй гэнэ. Ийм шийдвэр гаргасан явдал тэднийх өвөл, хавар хүндэрч
зуд болно. Ийм нөхцөлд хүн мал бүгд туйлдана гэж үзсэнтэй нь холбоотой байх жишээтэй. Тэднийх ийм шийдэлд хүрснээр цөөн тооны төл хүлээн
авсан ч том малын хорогдолгүй онд мэнд оржээ. Энэ жишгээр орооны үеэр малаа нийлүүлэгт оруулаагүй айл улсын хэмжээнд олон
гарсан байна. Мал өнгөрсөн жилээс 5.5 хувиар хорогдсон нь сүүлийн
жилүүдэд нийт нутгаар зуншлага тааруу, өвөл зуд болсонтой холбон
авч үзвэл бодит байдалд илүү нийцнэ.
Улмаар мал таваарлаг болж байгаа нь “Баянхонгор аймагт хийсэн судалгаанаас харагдсан” гэж 2 жилийн
өмнө статистикчид тайлбарлаж байсан билээ. Түүнээс
гадна монгол мал таваарлаг болох нөхцөл бүрдэх суурь тавигдах
бололтой. Гэхдээ энэ асуудал ганцхан жилийн малын тоо толгойн бууралтаар
шийдэгдэхгүй нь ойлгомжтой.
Цаг сайхан бол мал өсдөг. Харин муу байвал өсдөггүй нүүдэлчид (малчид)-ийн амьдралд өнөөдрийг хүртэл
эргэлтийн шинжтэй өөрчлөлт ороогүй. Мал тооллого хийсэн анхны
жил 1918 онд Монголын мал сүргийн тоо 9 сая 600 мянга байсан гэнэ. Өнгөрсөн 100 гаруй жилийн хугацаанд мал аж ахуй ардын аж ахуйтан,
нэгдэл хөрөнгө, төрийн өмч, хувийн мал гэсэн статустай явж ирсэн юм.
Монголчууд малынхаа ашиг шимээр амьдарч ирсэн тул “буянт” мал хэмээн хэлж ярьж заншжээ. Гэхдээ монголчуудын нэн шинэ түүхэнд "ялтай" мал гэсэн ойлголт гарч ирсэн байдаг. “Хар шар феодалын хөрөнгө”-ийг хурааж хувийн өмчийг шахаж (1924 -1959 он) малын хөлийн татвар, ашиг шимийн ногдол (махны, тосны, сүүний, ноос, ноолуур, хөөвөр, хялгас) тоо хэмжээтэй ногдуулдаг хоршоонд тушаадаг, заавал биелүүлэх үүрэгтэй. Үүрэг биелүүлээгүй тохиолдолд малчин ял эдлэх магадлалтай байсан гэнэ. Тэр байдал хүчээн авч нэгдэлжих хөдөлгөөн ялсан (1959-1990 он)-ы дараа нэгдлийн мал дутаах, солих алхам хийвэл социалист өмч үрэгдүүлсэн гэдэг эрүүгийн хуулийн зүйл заалтаар яллагдах магадлал өндөр байжээ. Түүнээс гадна малын ашиг шимийг малчид нэгдэлд бүрэн тушааж байсан байх юм. Харин хөдөлмөр өдрийн хөлс авч байсан аж. Тэр нь маш бага байжээ. Нэг хонь бүтэн сар хариулахад 30 мөнгө. 300 хонь хариулаад сард 90 төгрөг авах жишээтэй. Харин нэг төлөг хулгайд алдаад эргүүлээд төлөхөд 120 төгрөг байжээ. Тийм учраас тухайн цаг үе дор хүмүүсийн дунд "ялтай" мал гэсэн ойлголт гарч иржээ. Улсын хэмжээнд мал нэгдэл, нийгмийн өмч байхад мал сүргийн тоо тогтмол 22- 25 сая (1959-1990 он)- аас дээш гараагүй юм билээ. Нэг ёсондоо өсөөгүй гэсэн үг.
Харин мал хувьчлагдсан (1990)-ы дараа малчид захиран зарцуулах эрхтэй болсон. Харин малын тоо дээд тал нь 71 сая (2019 он)-д хүрчээ. Сүүлийн 30 жилд ашиг шимийн ногдол, татварын дарамтгүй болсон тул хэдэн зууны турш нэршиж уламжлал болсон “буянт” мал нэрээ эргүүлэн авчээ. Сүүлийн 3 жилийн төл бойжилтын дүнг авч үзвэл хамгийн бага буюу 18 сая гаруй төл 2018 онд авчээ. Харин сүүлийн 2 жилд хүлээн авсан төлийн тоо ойролцоо байх юм. Гэвч 2020 оны малын тоо толгой буурч гарсан болохыг дээр хэлсэн билээ. Малын тоо толгой хамгийн ихээр буурсан нь Өвөрхангай аймгийн малын тоо 2019 оныхоос 20 хувиар буурсан байна. Түүний араас Баянхонгор, Архангай, Хөвсгөл, Дундговь, Говь-Алтай аймгууд орсон байх жишээтэй. Малын тоо толгой буурснаар малчин өрхийн амьжиргаанд ямар өөрчлөлт гарах вэ? Эдгээр аймаг бусад аймгаас илүүтэйгээр зах зээлд малаа борлуулсан гэж зарим зах зээлийн шинжээчид тайлбарласан байна.
Өвөрхангай, Дундговь, Говь-Алтай, Баянхонгор зудын эрсдэлийн үнэлгээ
хийхэд хамгийн өндөр гарчээ. Тийм учраас зах зээлд малаа илүү борлуулсан
бололтой. Үүнийг байх үзэгдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээ гэж үзэж болох юм. Мал бол нөхөн үрждэг баялаг. Малын тоо, толгой буурснаар малчны ашиг орлого буурахгүй
байх боломжийн талаар загварчлал хийжээ. ХААИС-ийн зарим багш
нарын хийсэн энэхүү загварчлал нь сүрэгт байх төллөх малын тоо, толгойг
өсгөх замаар малчин өрхийн жилийн орлогыг өсгөх боломжтой гэж үзжээ. Тэрхүү загварчлалыг үзүүлбэл:
Малчин өрхийн 500 хонины 45 хувь буюу 288 нь төллөх эм
хонь. Түүнээс 200 төл бойжуулна. Тэднийх жилд 50 эр хонь, 34 эм хонь 44 эр
төлөг, 48 охин төлөг нийт 176 хонь зах зээлд борлуулна. Эдгээрийн мах, ноос, арьс
шир, сүү зэргээс жилдээ нийт 23 сая 110 мянган
төгрөг олох боломжтой гэсэн тооцоолол гарчээ. Дээрх
үзүүлэлтийг сүрэг дэх төллөх эм хонины хувь хэмжээг 55
хувьд хүргэхэд бойжуулах төлийн тоо 242, зах зээлд борлуулах хонины тоо 217 болж өснө. Тэр хэмжээгээр малчин өрх орлогоо 26 сая 698 мянган төгрөг болгон нэмэх боломжтой гэж үзжээ. Сүргийн
бүтцэд төллөх малын тоо толгойг нэмэх замаар орлого өсгөх
ойлголт ирээдүйн малчин өрхийн ерөнхий дүр төрх байх бололтой.