Дайэйшёо, Акисэяама нар 6 даваатай башёг тэргүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-01-15 17:21:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 2021 оны анхны тэмцээн Хацү башёгийн 6 дахь өдрийн барилдаанд Дайэйшёо /М-1/, Акисэяама /М-16/ нар 6 даваатай башёг тэргүүлж байна.


Тэдний араас 2 дугаар эгнээнд Озэки Шодай, Мэйсэи /М-7/, Котоновака /М-15/ нар 5 даваатай нэхэж байна. 


Өнөөдөр монгол сумочдоос Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Дайэйшёо /М-1/-д унаснаар, түүний даваа унаа нь адил 3 болсон бол Тамаваши Б.Мөнх-Оргил, Сэкиваке Таканошог цүкидаши мэхээр хаяж, тэд адилхан 4 даваа, 2 унаатай болоод байна.


Кирибаяама Б.Лхагвасүрэн, Кагаяки /М-6/-тэй барилдаж, хатакикоми мэхээр давж 4 даваа, 2 унаатай болов. Энэ башёд 4 даваа, ганц унаатай явсан Ичиножёо А.Ичинноров, өнөөдөр Котоновака /М-15/-д ёрикири мэхээр ойчиж 2 унаатай болж 2 дугаар эгнээнээс ухарсан бол нэг ч даваагүй Хошёорюү С.Бямбасүрэн Нишигики /Жүрёо-7/-тэй учраа таарч, түүнийг сүкүинаге мэхээр унагаснаар анхны даваагаа авлаа. 


Озэки Шодай, Точиношин /М-4/-г ошидаши мэхээр давж 5 даваа, нэг унаатай болов. Харин дөрөв дараалан унаж, өчигдөр нэг даваад байсан Озэки Такакейшо, Оношо /М-3/-д ошидаши мэхээр унаснаар энэ башёг 5 унаа, ганц даваатай үргэлжлүүлж байна. Мөн энэ өдөр Озэки Асанояама, Такарафүжи /М-2/-д уватэнаге мэхээр ойчиж, тэд адилхан 3 даваа, 3 унаатай явна.


Маргааш Сэкиваке Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Митакэүмитэй, Тамаваши Б.Мөнх-Оргил, Такарафүжи /М-2/-тэй, Кирибаяама Б.Лхагвасүрэн, Аойяама /М-10/-тай, Ичиножёо А.Ичинноров, Акисэяама /М-16/-тай, Хошёорюү С.Бямбасүрэн Котоеко /М-11/-той тус тус барилдана. 

 

Холбоотой мэдээ