Зарим бүтээгдэхүүний шошго, хаанаас оруулж ирсэн нь тодорхойгүй байв

МОНГОЛЫН МЭДЭЭ
batsaikhan@montsame.mn
2015-09-29 12:06:12

Монгол Улсын нутаг дэвсгэрт импортлон оруулдаг бүтээгдэхүүний зар сурталчилгаа, сав, баглаа боодол, шошго, хаягжилтын байдалд ШӨХТГ шалгалт хийсэн дүнгээ өчигдөр мэдээллээ.

Импортоор оруулж ирэн худалддаг  бараа бүтээгдэхүүний чанар, хадгалалт нь зар сурталчилгаатай зөрчилддөг, зарим бүтээгдэхүүний шошго, хаягжилт хангалтгүй байгаа талаар иргэдээс байнга гомдол ирдэг талаар ШӨХТГ-аас мэдээлэв. Мөн гомдлын дагуу шалгалт хийсэн байна. Шалгалтаар "Цайны ертөнц" ХХК-ийн худалдаж  буй "Найман тахилтай цай" бүтээгдэхүүний шошгонд үйлдвэрлэсэн улс, орныг тэмдэглээгүй, үйлдвэрлэгчийн хаяг бичигдээгүй байв. Ийм зөрчил " Стимо" ХХК-ийн "Гүрж ногоон цай" бүтээгдэхүүнд ч илэрчээ. Энэчлэн "Таван богд интэрнэйшнл" ХХК-ийн "Найман гишүүнт төгөлдөр", "Мөнгөн аягат" зэрэг бүтээгдэхүүн, "Бамаш", "Тэмүүлэн маш"  ХХК-ийн худалдаж буй цагаан будааны шошгын хаягжилт зөрчилтэй байжээ.  "Миний сүлжээ" дэлгүүрийг "Бөмбөөлэй" цагаан будаанд ч дээрх зөрчил илэрснийг ШӨХТГ-ын байцаагч ярив. Дээрх компаниудын бүтээгдэхүүний шошго бүрэн хаягжаагүй, үйлдвэрлэгчийн нэрийг  бичээгүй, аль улс орных нь тодорхойгүй зэрэг нийтлэг зөрчил нь савласан бүтээгдэхүүнд тавих ерөнхий шаардлага, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах хууль зэргийг зөрчсөн тул улсын байцаагчийн тогтоосон дүгнэлтийн дагуу арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавих шаардлагыг ШӨХТГ-аас зөрчилтэй компаниудад анхааруулав. Иргэдийг сурталчилгаагаар татаад байгаа "Найман тахилтай цай", "Гүрж ногоон цай", зарим будааны бүрэн бүтэн байдалд хяналттай хандахыг ийнхүү ШӨХТГ нийт хэрэглэгчдэд анхааруулж буйг дуулгая.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд