Монгол бөхөн сэргэн нутагшсан газрыг орон нутгийн хамгаалалтад авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-01-18 18:33:28

Увс /МОНЦАМЭ/. Уугуул нутагтаа сэлгэн суурьшаад байгаа монгол бөхөнг хамгаалах асуудлаар аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд өнгөрсөн долоо хоногт Завхан суманд хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Завхан сумын удирдлага, ИТХ-ын төлөөлөгчид, малчдын төлөөлөл, ДБХС (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай соёны бүсийн салбар, Ховд Их сургууль, Хан Хөхийн нурууны УТХГН-ийн Хамгаалалтын захиргааны төлөөллүүд оролцож, харилцан мэдээлэл солилцсон юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид монгол бөхөнгийн эрт, одоогийн тархалт, тоо толгой, судалгаа, малтай харилцан ашигтай бэлчээрлэдэг шүтэлцээ, эрсдэл, хамгаалал, байгаль дахь ач холбогдлын талаар ярилцаж, монгол бөхөн сэргэн нутагшсан Завхан сумын зарим газрыг Орон нутгийн хамгаалалтад оруулахаар санал нэгдлээ.

Увс аймгийн Завхан, Наранбулаг, Өлгий сумын нутагт 60 гаруй жилийн өмнө монгол бөхөн тархан нутагшиж байсныг судлаачид тэмдэглэсэн байдаг аж. Харин 10-аад жилийн өмнө Завхан сумын баруун урд хэсгээр харагдах болсон монгол бөхөн Завхан, Наранбулаг, Өлгий сумын нутагт тогтвортой байрших болсныг мэргэжлийн байгууллагын судлаачид судалгаагаар тогтоожээ.

 

Холбоотой мэдээ