Б.Батцэцэг: “Шинэ Улаангом” захын түрээсийн төлбөрийг бууруулах боломжгүй

Орон нутагт | Увс
batkhuu@montsame.mn
2021-01-18 16:56:22

Увс /МОНЦАМЭ/. "Ковид-19" цар тахлын үед худалдаа, үйлчилгээ эрхлэгчдийн түрээсийн төлбөрийг бууруулах боломж байгаа эсэх талаар “Шинэ Улаангом” ОНӨААТҮГ-ын гүйцэтгэх захирал Б.Батцэцэгээс тодрууллаа. 


-“Шинэ Улаангом” зах хэчнээн түрээслэгчтэй вэ? 

-Манай зах 2014 оноос хойш худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд талбайн түрээсийн үйлчилгээ үзүүлж байна. Өнөөдрийн байдлаар 289 түрээслэгчтэй. Нэг метр квадрат талбайн түрээсийн төлбөрийг 10 мянган төгрөгөөр тооцож авдаг. Нэг үеэ бодвол манай захын үйл ажиллагаа өргөжиж, боломжит бүх талбайг худалдаа эрхлэгчдэд түрээсэлсэн.

-Цар тахлын улмаас худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд бэрхшээл тулгарч байна уу?

-Маш олон бэрхшээл тулгарч байна. Тухайлбал, өмнөх жилтэй харьцуулбал иргэдийн худалдан авалт илт буурсан. Гэхдээ цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан манай захын зүгээс түрээслэгчдийг тодорхой хэмжээнд дэмжсээр ирсэн. Тухайлбал 2020 оны 3-р сард худалдаа эрхлэгчдийн хувьд ихээхэн хүнд цаг үе байсан тул түрээсийн үнийг 27 хувиар, 4-р сард 50 хувиар бууруулсан. Харин өнгөрөгч 11-р сард Монгол Улс дотооддоо цар тахлыг алдаж, хатуу хөл хорио тогтоосон. Энэ үед 20 гаруй хоног үйл ажиллагаа явуулаагүй тул бид түрээсийн төлбөрийг 67 хувиар хөнгөлсөн. Ингэснээр худалдаа, үйлчилгээ эрхлэгчдэд нийтдээ 44 сая төгрөгийн түрээсийн хөнгөлөлт үзүүлээд байна.

-Цаашид түрээсийн хөнгөлөлт үзүүлэх үү?

-“Шинэ Улаангом” захын хувьд өнгөрсөн хугацаанд тогтмол алдагдалтай ажилласаар ирсэн. Хөл хорио цуцлагдсаны дараахан худалдаа эрхлэгчдэд захын нөхцөл байдал, ажлын тайланг танилцуулах хурал зохион байгуулсан. Бизнес эрхлэгчид нөхцөл байдлыг харьцангуй эерэгээр ойлгосон гэж бодож байгаа. 2020 онд нийт 3 удаагийн түрээсийн хөнгөлөлт үзүүлсэн нь 1-р сард халаалтын мөнгөө төлж чадаагүйд хүргэсэн. Гэвч цаашид байдал хүндэрвэл зүгээр суухгүй, түрээсийн хөнгөлөлт үзүүлэх талаар судлах байх.

-Засгийн газраас цахилгаан, дулааны төлбөрийг хөнгөлсөн нь түрээсийн үнийг бууруулахад нөлөөлөхгүй юу?

-Манай захын хувьд жил тутамд алдагдалтай ажилладаг болохоор аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгддөггүй. Мөн төрийн өмчит үйлдвэрийн газар учраас цахилгаан, дулааны төлбөрийн хөнгөлөлт байхгүй. Нэг ёсондоо ямар нэгэн хөнгөлөлтөд хамрагдах нөхцөл бүрдэхгүй байгаа юм. Түүнчлэн сүүлийн үед халаалтын асуудалд хүндрэл учирсан. Энэ асуудлаа шийдэхгүй бол 200 гаруй хүн ажлын байргүй болох эрсдэлтэй байгаа.

Нэг ёсондоо түрээслэгчид маань 1, 2-р сард түрээсийн үнийг бууруулах боломжгүй гэдгийг ухамсарлах хэрэгтэй. Удахгүй сар шинийн баяр болно. Цар тахалтай холбоотой хязгаарлаж байгаа ч ард түмэн маань ёсоо бодож дор бүрнээ хүнс, бэлтгэлээ хангахтай зэрэгцэн худалдаа эрхлэгчдийн маань орлого нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Харин хавар ноолуур гарахаас өмнө 3-р сарын үед орлого эрс багасдаг. Энэ үед түрээсийн үнийн асуудлыг эргэн харна. 

-Танд баярлалаа.


        


Холбоотой мэдээ