Гол, нуурын ойролцоо эргүүл, хяналтыг сайжруулна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-01-18 18:52:02

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж, цаг үеийн хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн. Улмаар комиссын гишүүдийн саналыг тусган 10 заалт бүхий тогтоол, шийдвэр гаргалаа.

Энэ үеэр аймгийн Онцгой комиссоос гаргасан зохих шийдвэрийн хэрэгжилт, үр дүн, анхаарах асуудлыг дүгнэв.

Мөн “Вестерн холд” ХХК-ийн гүйцэтгэж буй “Ховд Эко цементийн үйлдвэр” төслийн хүрээнд барилгын ажилд нэн шаардлагатай металл хийц, “Сүрлэг алтайн салхи” хоршоо, “Бүрэнхайрханы шил”, “Наол” ХХК-аас чацаргана жимсийг Булган боомтоор дамжуулан тээвэрлэх хүсэлт ирүүлжээ. Уг хүсэлтийг Улсын Онцгой комисст албан бичгээр уламжлахаар боллоо.

Түүнчлэн аймгийн Онцгой комиссын дэргэдэх “Шуурхай штаб”, Алтай, Дарви, Мянгад, Эрдэнэбүрэн, Цэцэг сумын хяналтын цэгийн үйл ажиллагааг эрчимжүүлж, хяналтыг сайжруулах чиглэл өгөв.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд шуурхай штаб, сумдын хяналтын цэгүүдэд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдын хоол хүнс, шатахуун, түлээ нүүрс, байр, цахилгааны зардал нийт 33 сая гаруй төгрөгийг санхүүгийн баримт үндэслэн нягталсан дүнгээр энэ сарын 25-ны өдрийн дотор холбогдох төсвөөс гаргахаар шийдвэрлэлээ. 

Мөн Эрдэнэбүрэн сумын Шургын гүүрний дэргэдэх хяналтын цэгийг шилжүүлж, Хонгион гүүрэнд байршуулна. Улмаар алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг бүрдүүлэх аж. Мөн Цэцэг болон Эрдэнэбүрэн сумын Хонгион гүүрний хяналтын цэгт бэлэн байдал, холбоо, зохион байгуулалтыг сайжруулах зорилгоор “Жи-мобайл”-ын суурин утас суурилуулахаар боллоо.

Үүнээс гадна Мянгад сумын хяналтын цэгт алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах зорилгоор байрны эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг хангахыг холбогдох албаныхан үүрэг болголоо. 

Мөн иргэд гол, нуурын мөсөн дээр бөөгнөрөл үүсгэх, тээврийн хэрэгслээр чарга, дугуй чирэх зэргээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам, өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн дэглэм зөрчих тохиолдол нэмэгдсэн. Энэ нь иргэдийн амь, эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй тул уриалга гаргахаар боллоо. Мөн энэ чиглэлд Онцгой комиссын гишүүд тусгай хуваарийн дагуу эргүүл хийж, хяналт тавих аж.   

Холбоотой мэдээ