Малчид бэлтгэсэн тэжээлийнхээ 50-60 хувийг малдаа өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-01-20 10:20:03

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймгийн малчид өөрийн аймгийн болон Төв, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Увс зэрэг аймгийн нутгаас 51.4 мянган тн өвс, 8317 тн ногоон тэжээл, 1009 тн гар тэжээл, 12 тн үйлдвэрийн тэжээл, 579.6 тн давс хужир шүүг нөөцлөн авчээ.

Тэжээл бэлтгэл 66 орчим хувь байснаас 11 дүгээр сарын дундаас мал нэмэгдэл тэжээлд орж, нийт тэжээлийн 50-60 хувийг малчид малдаа өгсөн байна. Сумдын нөөц бүрдүүлэлт өвс 1317 тн, тэжээл 261 тн байснаас 60 хувийг малчдадаа зарж борлуулсан. Одоогоор сумдын нөөцөд 562 тн өвс, 173 тн тэжээл байна.


Энэ онд Засгийн газрын 19 дүгээр тогтоолын дагуу аймгийн аюулгүй нөөцөд 325 тн өвс нөөцөлснөөс одоо 80-90 тн өвс байна.


Засгийн газрын нөөц сангаас аймагт хуваарилсан 200 сая төгрөгийг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу 19 суманд тус бүр 9,5 сая төгрөг, аймгийн нөөцөд 19,5 сая төгрөгийг хуваарилж аймаг, сумын аюулгүйн нөөц бүрдүүлэхээр болсон. Үүнээс 11 сумын дансанд мөнгө шилжиж, өвс тэжээлээ нөөцөлж аваад байна.


Хангай, Цахир, Тариат, Чулуут, Хашаат, Хотонт, Өгийнуур, Төвшрүүлэх, Өлзийт суманд цас ахиу орж, малын идлэг муудаж өвөлжилт хүндрээд байна. НҮБ-ын ХХАА-н байгууллагаас өвөлжилт хүндэрч буй Эрдэнэмандал, Хайрхан, Өлзийт, Хашаат, Хотонт, Батцэнгэл, Өгийнуур сумын эмзэг бүлгийн өрх толгойлсон олон хүүхэдтэй эрэгтэй, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, хонин толгойд шилжүүлснээр 60-300 толгой малтай зорилтот бүлгийн тус бүр 16 өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсон байна.


Засгийн газрын 212-р тогтоолын дагуу 100 тн өвс, 200 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр 15 суманд тус тус хуваарилж, сумд Төвшрүүлэх сум дахь улсын нөөцөөс өвс, тэжээлийн татан авалтыг хийж байна.


2021 оны 01 дүгээр сарын 01-13-ны байдлаар 13 суманд бод 3640, бог 10336 толгой буюу нийт 13976 толгой мал хорогджээ. 

Холбоотой мэдээ