Хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийхэд Швейцарын парламентын Тамгын газартай хамтарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-01-22 07:44:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайхан Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын Парламент хоорондын техникийн хамтын ажиллагаа, гадаад харилцааны хэлтсийн дарга Мария Стасиктай энэ сарын 21-нд цахим уулзалт хийлээ.


Уулзалтаар хоёр улсын парламентын Тамгын газрын хамтын ажиллагааг хяналт шинжилгээ, үнэлгээ, сургалтын салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцаж санал солилцлоо.


Парламентын хууль тогтоох, хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэхэд Тамгын газрын чадавхыг бэхжүүлэх, парламентаас баталсан хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, нэгдсэн мэдээллийн санг бий болгох, иргэдийн оролцоог хангах нь чухал ач холбогдолтойг талууд уулзалтын үеэр онцлов.


Уг цахим уулзалтад УИХ-ын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга Б.Эрдэнэбилэгт, тус газрын Хяналт шалгалтын хэлтсийн Ахлах зөвлөх Ч.Онончимэг, Парламентын судалгааны хүрээлэнгийн захирал Т.Баярмаа, Швейцарын Хөгжлийн агентлагийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын Засаглалын хөтөлбөрийн ахлах зохицуулагч Л.Золзаяа болон Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газрын төлөөлөгч нар оролцлоо.


Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх чадавхыг сайжруулахаар 2017 оноос эхлэн Швейцарын Холбооны Улсын парламентын Тамгын газартай хамтран ажиллаж байгаа юм.

Холбоотой мэдээ