Ж.Байден Оростой холбоотой хэргийг шалгахыг үүрэг болгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2021-01-22 10:48:37

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон, Засгийн газрын байгууллагууд руу томоохон кибер халдлага үйлдсэн болон Алексей Навальныйтай холбоотой хэргүүдийг бүрэн дүүрэн үнэлэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден тусгай албаныханд үүрэг болгожээ.


Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Жен Псаки мэдэгдсэн байна. 


“Бид ОХУ-тай АНУ-ын ашиг сонирхлыг нийцүүлэх зорилгоор хамтран ажилладаг хэдий ч тус улсын бодлогогүй, дайсагнасан үйлдэлд хариуцлага хүлээлгэхээр мөн ажиллаж байна. Иймд “SolarWinds”-н эсрэг үйлдсэн кибер халдлага, 2020 оны ерөнхийлөгчийн сонгууль дахь Оросын хөндлөнгийн оролцоо, сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн эсрэг химийн зэвсэг ашигласан, Афганистан дахь АНУ-ын цэргийн албан хаагчдад халдсан зэвсэгт этгээдүүдийг шагнасан тухай мэдэгдлүүдэд бүрэн үнэлгээ хийхийг Ерөнхийлөгч тагнуулын байгууллагад үүрэг болгосон” хэмээн тэрбээр мэдэгдсэн байна.


АНУ-ын сэжиглэж буй асуудал

Сонгуульд Орос улс хөндлөнгөөс оролцсон тухай Америкийн эрх баригчид мэдэгдсэнтэй холбоотой асуудал байнга хөндөгддөг. Оросын эрх баригчид өөрсдийг нь буруутгаж буйг нэг бус удаа няцаасан.


“Orion” компанийн программ хангамжийн компани “SolarWinds” 2020 оны 3 дугаар сард кибер халдлагад өртсөн талаарх мэдээлэл өмнө нь гарсан. Хакерууд “SolarWinds”-н хэдэн мянган үйлчлүүлэгчийг ашигласны дотор Засгийн газрын байгууллагууд, Америкийн 400 компани багтжээ. Хакерууд АНУ-ын Засгийн газрын байгууллагууд, компаниуд руу халдсан хэрэгт Оросын эрх баригчид холбоогүй хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков өмнө нь мэдэгдсэн юм. Оросыг аливаа хэрэгт холбогдуулан буруутгаж буй нь ор үндэсгүй худал мэдээлэл бөгөөд русофобия буюу оросоос эмээх үзлийг сохроор дагаж буй явдал юм гэж тэрбээр мөн мэдэгдсэн байна. 


Оросын тагнуулын цэргийн анги хэлтэс хэт давруу үзэлт “Талибан” хөдөлгөөний зэвсэгт этгээдүүдийг Афганистан дахь олон улсын эвслийн цэргүүдэд халдах явдалд өдөөн турхирсан хэмээн “The New York Times” сонин өнгөрсөн 6 дугаар сарын 26-нд мэдээлжээ. Д.Песков үүнийг худал, ор үндэсгүй цуу яриа гэжээ. Тус сонины нийтлэлийг ОХУ-ын Гадаад хэргийн яам 6 дугаар сарын 27-нд зориуд худал мэдээлэл агуулсан нийтлэл хэмээн тодорхойлсон байна.


А.Навальныйтай холбоотой асуудал

Алексей Навальный Орос руу буцсантай холбогдуулан хийсэн Өрнөдийн улс төрчдийн тайлбар нь улс орнууд нь гүнзгий хямралд орсныг олны анхаарлаас холдуулах зорилготой байсан гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров нэгдүгээр сарын 18-нд мэдэгдсэн байна.


Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг өнгөрсөн ням гарагт Германаас эх орондоо ирэхэд нь баривчилжээ. “Ив Роше”-гийн хэргээр өмнө нь ногдуулсан ялын нөхцлийг зөрчсөн хэргээр түүнийг баривчилсан гэж ОХУ-ын Шийтгэл гүйцэтгэх газар мэдэгджээ. Шүүхийн шийдвэр гарах хүртэл түүнийг саатуулах аж.

 

Холбоотой мэдээ