Үүрэг даалгавар биелүүлээгүй 9 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд хариуцлага тооцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-01-22 15:21:20

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас аймгийн Нэгдсэн эмнэлэг, өрх, сумын эрүүл мэндийн төв, ортой хувийн хэвшлийн болон клиник эмнэлгүүдийн цар тахлаас урьдчилан сэргийлэх ажил, бэлэн байдлыг шалгаж байна.

Шалгалтаар эрүүл мэндийн байгууллагууд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлын төлөвлөгөөнд тодотгол хийсэн, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хамгаалах хувцас өмсөж, тайлах, шинжилгээний сорьц авах, халдваргүйтгэл хийх, ажлын уусмал бэлтгэх чиглэлээр сургалт зохион байгуулсан байна гэж дүгнэжээ.

Мөн зарим эрүүл мэндийн байгууллагуудад хамгаалах хувцас хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодис, эмийн нөөц бүрдүүлээгүй, яаралтай тусламжийн тоног төхөөрөмж дутагдалтай, хүний бөөгнөрлийг зохицуулах арга хэмжээ аваагүй, иргэдэд утсаар зөвлөгөө авах нөхцөл бүрдүүлээгүй, тусламж үйлчилгээний явцад эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм баримталдаггүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрчээ.

Дээрх зөрчлүүдийг арилгуулахаар 114 заалт бүхий 12 албан шаардлагаар хугацаат үүрэг өгчээ. Түүнчлэн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, дотоод хяналтыг зохих журмын дагуу хэрэгжүүлээгүй 3 эмнэлгийн 9 эмч, эмнэлгийн мэргэжилтэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэлийн арга хэмжээ авсан байна.

Холбоотой мэдээ