Монгол хүүхдүүд яруу найргийн наадмаас ганзага дүүрэн ирэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-06-06 17:27:19

БНХАУ-ын ӨМӨЗО-нд  5 дугаар сарын 28-нд болсон хүүхдийн яруу найргийн “Уянгын гүйгээн” 16 дугаар наадамд Монгол Улсаас “Хүрэл тулга-2016”-д айргийн тавд багтсан гурван сурагч урилгаар оролцон, гурван цомтой ирлээ.

Тэднийг Утга зохиол нийгмийн ажилтны  дээд сургуулийн БНХАУ дахь итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батгүр хариуцан ахлан явсан бөгөөд тус наадамд шүүгчээр ажиллажээ. Тэрбээр хэлэхдээ, “Энэ наадмыг олимпийн наадам шиг туг аялуулан аймгууд ээлжлэн зохион байгуулдаг. Энэ жил 70 жилийн ой нь тохиож буй Шилийн гол аймгийн Сөнөд зүүн хошууны “Улаан театрт”-т зохион байгууллаа. Манайх оноогоор дүгнэдэг бол тэнд шүүгчид нь хувьчилж дүгнэдэг.

Эднээс оноо нь тасархай 2 хүүхдийг сонгон дахин уншуулахад манай улсаас оролцсон А.Сайханбаяр хоёрдугаар байр эзэллээ. Мөн И.Даваадорж гуравдугаар байр, Б. Ариунцацралт тусгай байрт шалгарав. Наадамд оролцсон Өвөрмонголын хүүхдүүд Монгол хүүхдүүдээс яруу найраг, сэтгэлгээний маш их зүйл мэдэж авлаа" хэмээж байв.

Тус наадамд  ӨМӨЗО-ы 100 гаруй хүүхэд 3 насны ангилалд өрсөлдөв.

Наадамд амжилттай оролцсон хүүхдүүд ийнхүү ярьж байна.

СБД-ийн 71 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч А.Сайханбаяр: Анх 7 дугаар ангиасаа шүлэг бичиж, шүлгийн уралдаанд оролцож эхэлсэн. Анхны уран бүтээлийн эмхэтгэл “Саран уйлах чимээ” номоо 2014 онд гаргаж  байлаа. Шүлэг бичсэнээс хойш нийслэлийн “Хүрэл тулга” наадамд хоёр удаа тэргүүн байр, улсын наадамд хоёр удаа хошой Гран при шагнал хүртсэн. Хэт задгай, хэт хальсан биш чөлөөт сэтгэлгээгээр байгалийн үзэгдэл юмс, ургамал, амьтны талаар бичих дуртай. “Уянгын гүйгээн” наадамд өөрийн зохиосон “Тэнгэрийн орноос газар гишгэхүйн романс” шүлгээрээ оролцож хоёрдугаар байр эзэллээ.

Сонгинохайрхан дүүргийн 106 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Ариунцацралт: Хамгийн анх 13 наснаасаа эхлэн шүлэг бичсэн. Өнгөрсөн жил сургуулийнхаа “Хүрэл тулга” наадамд тэргүүн байр, энэ жил дүүрэг болон нийслэлийн “Хүрэл тулга” наадамд тэргүүн байр, улсын “Хүрэл тулга” наадамд тусгай байр эзэлсэн. Яруу найргийг задгай хэлбэрээр бичдэг. Өөрийн бичсэн ”Кино” шүлгээрээ оролцож тусгай байр эзэллээ. Кино бол харагдах яруу найраг юм хэмээн хэлэхийг хүссэн.

Баянзүрх дүүргийн 21 дүгээр сургуулийн 11 дүгээр ангийн сурагч И.Даваадорж: Анх 7 дугаар ангидаа ээжийн тухай шүлгээр гараагаа эхэлсэн. Энэ жил нийслэлийн “Хүрэл тулга” наадамд хоёрдугаар байр, “Уянгын гүйгээн” наадамд гуравдугаар байр эзэллээ. Энгийн үгээр хүнд ойлгомжтой, гүн утга санаа гарган, дүрслэл сайтай, нүдэнд харагдтал бичихийг хичээдэг. Г.Аюурзана, Л.Өлзийтөгс, Р.Эмүжин, Б.Батрэгзэдмаа нарын шүлгийг шимтэж уншдаг. Өвөрмонгол хүүхдүүд Монголоо гэсэн маш их сэтгэлтэй байгаа нь харагдсан. Тэдний дуулж байгаа дуу нь хүртэл “Тэртээ цэнхэртэх талын дунд Тэнд миний гэр бий” гэж дуулдаг, дуулж байхдаа уйлдаг. Дахиж төрөх юм бол Монголдоо төрнө гэдэг. Билгүүнбаатар, Гилүгэдэй нарын хөшөө нь хүртэл  урагшаа биш хойд зүгт Монгол руу харсан байдаг нь биднийг гэсэн сэтгэлийг илтгэх мэт. Өвөрмонгол түмнийг хайрлахгүй байхын аргагүй.

Шүлэг уншиж буй хүүхдүүд Б.Лхагвасүрэн, Д.Цоодол Монголын сор болсон найрагчдын утга уянгын хамгийн яруу гэсэн бүтээлүүдийг толилуулж байсан.

Дашрамд дурдахад, өнгөрсөн гуравдугаар сард Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургуулиас санаачлан Өвөрмонголын Шилийн гол аймгийн Утга урлагийн холбоо, Монгол үндэсний дунд сургууль хамтран Сөнөд баруун хошуунд “Хүрэл тулга” анхдугаар наадмыг их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний  110 жилийн ойн хүрээнд зохион байгуулжээ. Наадамд 300 гаруй сурагч өрсөлдсөнөөс Шилийн гол аймгийн 3 хүүхэд шалгарч өнгөрөгч 4 дүгээр сард Улаанбаатар хотод болсон “Хүрэл тулга-2016” наадамд амжилттай оролцсон. Тэд яруу найргийн буянаар анх удаа Монголд хөл тавьж, гадаад паспорт авч, Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, мэхийн ёсолсноороо бахархдаг аж.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ