Гурван цэнхэрийн агуй дахь хадны зургийг дижитал музей болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-25 12:38:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол орны баруун бүсийг зорих жуулчны урсгалыг нэмэх зорилгоор баруун бүсийн онцлог шингэсэн аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгоно.


Баян-Өлгий, Ховд, Увс аймагт “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-2”-ыг хэрэгжүүлэхээр техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа. Азийн хөгжлийн банкны 90 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр төслийг энэ оноос хэрэгжүүлж, 2027 онд дуусгахыг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга С.Баясгалан БОАЖЯ-ны ирэх 4 жилд хийх ажлаа танилцуулах үеэр тэмдэглэв.


Тухайлбал, Ховд аймагт нүүдлийн соёлын аялал жуулчлалын томоохон судалгаа шинжилгээний төв байгуулна. Ховд аймагт байдаг түүхэн аялал жуулчлал, археологийн гол олдвор Сангийн хэрмийг аялал жуулчлалын гудамж болгон тохижуулах юм. Мөн аймгийн Гурван цэнхэрийн агуй дахь 40 мянган жилийн өмнөх хадны зургийн олдворыг аялал жуулчлалын дижитал музей болгож жуулчдын нүд хужирлахаар төлөвлөжээ.




Увс аймагт гэхэд үндэсний спортын аялал жуулчлал хөгжүүлэх цогцолбор барьж, гар урлалын бүтээгдэхүүн, хоолны үйлчилгээ, соёлын үзвэрийг үзүүлэх боломжтой аялал жуулчлалын гудамж байгуулахыг зорьжээ.


Уулын аяллыг одоогоор Баян-Өлгий аймагт түлхүү хийдэг. Үүнийг нэгдсэн зохион байгуулалтаар хийх боломж бүрдүүлж, олон улсын жишигт нийцсэн отог байгуулах аж.


 

Холбоотой мэдээ