Ачаа тээвэрлэх үнийн жишиг журмыг баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-01-26 11:30:57
Баянхонгор /МОНЦАМЭ/. Хот хоорондын ачаа тээвэрлэлтийн үнэтэй холбоотой иргэдээс ирсэн гомдол, саналын дагуу нэгдсэн үнийн тарифыг аймгийн Авто тээврийн төвөөс баталлаа.
Энэ дагуу Баянхонгор-Улаанбаатар-Баянхонгор аймгийн чиглэлд ачаа тээвэрлэхэд нэг ширхэгийн үнэ хэмжээнээсаа хамаарч 5-30 мянган төгрөг, тонноор тээвэрлэх тохиолдолд тухайн барааны зэрэглэлээс хамаарч 100-120 мянган төгрөг байхаар тогтоосон байна.
Автотээврийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7 дахь заалт, Зам тээврийн хөгжлийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 374–р тушаал ачаа, зорчигч тээвэрлэлтийн жишиг тарифыг үндэслэн дээрх дүнг тогтоожээ. 
Хэрэв тогтоосноос илүү үнэ хөлс нэхвэл тухайн жолоочийн нэр, автомашины дугаарыг нотлох баримтын хамт Автотээврийн төвд мэдээлж, гомдол гаргах боломжтой юм байна.
Холбоотой мэдээ