Япон дахь америк цэргүүд согтууруулах ундаа хэрэглэж болохгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /NHK/. Японд байрлаж буй Америкийн тэнгисийн цэргийн хүчний албан хаагчдад тодорхой хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон шийдвэрийг АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчний командлал гаргалаа.
Окинава дахь баазын нэгэн офицер өнгөрсөн ням гарагт автомашины осол гаргаж, хоёр хүнийг гэмтээсэнтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргасныг даваа гарагт мэдэгдсэн байна. Осол гаргасан офицер эмэгтэй согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьж явсан бололтой.
Дээрх шийдвэрийн дагуу Япон дахь Америкийн тэнгисийн цэргийн бүх албан хаагчид баазаасаа гадагш гарахгүй бөгөөд согтууруулах ундааг гэртээ ч хэрэглэж болохгүй ажээ.
Хүүхдээ сургуульд өгч, авах болон дэлгүүрт орох зэрэг өдөр тутмын ажлаа амжуулахын тулд тэд баазаасаа гарч болох аж.
Энэ хорио хэдий хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байна.
Г.Доржханд