Коронавируст халдварын тохиолдол 25-аар нэмэгдэв

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-01-28 11:02:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 27-нд хийсэн PCR шинжилгээгээр  25 хүнээс коронавирус илэрчээ. 


ХӨСҮТ-ийн вирус судлалын 3 лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид  нийтдээ  15 202 хүнд шинжилгээ хийсэн байна.


Шинээр илэрсэн тохиолдлууд Улаанбаатар хотод бүртгэгджээ. Эдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу ажиглан тусгаарлах байранд тусгаарласан хүмүүсийн давтан шинжилгээ, мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын өргөжүүлсэн тандалтад хийсэн  шинжилгээнээс илэрсэн байна. БЗД-ийн 8 дугаар хорооны “Х апартмент” байранд өвчлөл гарсантай холбоотой хийсэн шинжилгээнээс дөрвөн хүнээс коронавирус илэрчээ. Мөн тус байрны СӨХ-ийн нэг ажилтнаас халдвар бүртгэгдсэн байна. Түүнчлэн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал  пиццаны газрын ажилтнуудаас шинжилгээ авахад гурван хүн халдвартай гарчээ. Мөн Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу тээвэрлэлт хийж байсан хүнсний тээврийн нэг жолооочоос коронавирус илэрсэн байна. Бусад нь сүүлийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд юм.


Өнөөдрийн байдлаар, улсын хэмжээнд коронавируст халдварын тохиолдол 1692 болжээ. Үүнээс 1244 хүн эдгэрээд байна. Сүүлийн 24 цагт коронавируст халдвартай 8 хүн эдгэрчээ. 


Эмчлүүлж байгаа  435 хүний, 1 нь маш хүнд, 2 нь хүнд, 44 нь хүндэвтэр, 388 нь хөнгөн оноштой байгаа аж.

Холбоотой мэдээ