Л.Гүндалай Орхон аймгийн иргэдийг турхирав

ОРОН НУТАГТ | ОРХОН
erdenechimeg@montsame.mn
2015-09-29 13:04:38

“Ард түмнээ хайрлая” намын дарга Л.Гүндалай Орхон аймгийн иргэдийг турхирч, хууль зөрчиж байна гэж Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн н.Цолмон мэдэгдлээ.

Учир нь Л.Гүндалай хэвлэл мэдээллийн хэрэгслээр 11 дүгээр хорооллын ард газар өгнө  гэж мэдээлсний дагуу өнгөрсөн 27-ны 11 цагийн орчимд уг газарт 60 гаруй иргэн  гэрээ барьжээ. Гэтэл гэр баригдсан хэсэг нь Хотын ерөнхий төлөвлөлтөд туссанаар ногоон байгууламж бий болох газар бөгөөд Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн гэр барьсан иргэдийг хууль бус үйлдэл хийж байна хэмээн тарахыг хүссэн юм. Мөн Л.Гүндалайтай уулзахад, “Орхон аймагт газаргүй иргэн олон байна. 11 дүгээр хорооллыг баячууд өмчилсөн. Гэтэл жирийн иргэн уулын мухар, хамгийн хол газар амьдарч байна. Энэ шударга бус байдалтай тэмцэж байна” хэмээсэн юм. Мөн “Би зөвхөн эхлүүлсэн. Газар өгнө гэж хэлээгүй. Газартай болох боломжийг нь зааж өгсөн” гэлээ.  Ийнхүү ням гаригийн хүйтэн өдөр олон иргэн хотын төвд шахуу гэрээ барьчихаад Л.Гүндалайг ирэхийг хүлээсээр байсан юм. Харин энэ байдалд орон нутгийн удирдлагууд бухимдаж гэрээ барихыг зогсоохгүй бол хүч хэрэглэхээ  ч мэдэгджээ. Эл явдлын дараа буюу даваа гаригт аймгийн ИТХ-ын хуралдаан болж байх явцад Л.Гүндалай тэргүүтэй хүмүүс шууд дайран орж ИТХ-ын дарга Б.Мягмарсүрэнд газар эзэмшүүлэхийг хүссэн тухай бичиг өглөө. Газар эзэмшүүлэх, суурьшлын бүс байгуулах зэрэг асуудлыг ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж баталдаг тул “Ард түмний хайрлая” намын даргын асуудлыг одоо шийдэх боломжгүй гэсэн хариу өглөө. 

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд