Эмнэл зүйн шинжтэй байсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-02-02 21:43:13

Завхан/МОНЦАМЭ/. Улиастай суманд гарсан эмнэл зүйн сэжигтэй тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг гарсан тухай аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

"Аймгийн онцгой комиссын 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар “Улаанбаатар хотоос Завхан аймагт оршин суух иргэдээ нийтийн болон хувийн тээврийн хэрэгслээр нэгдүгээр сарын 25-ны өдрийг хүртэл татан авах” тухай шийдвэр гарсан. Энэ татан авалтаар нэгдүгээр сарын 21-ний өдөр Улаанбаатар хотоос Улиастай суманд ирсэн нэг иргэн гэрийн тусгаарлалтад байх хугацаанд короновирусний эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн. Тиймээс тухайн иргэнээс яаралтай шинжилгээ авч өчигдөр ХӨСҮТ рүү илгээсэн бөгөөд өнөөдөр 21.00 цагт ХӨСҮТ-өөс шинжилгээний албан ёсны хариу сөрөг гэж ирлээ” гэв.

Ташрамд дээрх иргэний шинжилгээний хариу гартал тус суманд хэсэгчилсэн хөл хорио тогтоогоод байсан. Мөн өчигдөр GEN EXPERT буюу PCR-ийн өмнөх хүчтэй тестээр хоёр удаа тухайн иргэнээс шинжилгээ авахад сөрөг гарсан гэж албаны эх сурвалж мэдээлж байсан юм. 

Холбоотой мэдээ