“Монгол”, “монголоид” гэдэг үгсийн буруу тайлбар Оксфордын толь бичгээс хасагдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
ariunbold@montsame.gov.mn
2021-02-03 10:58:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оксфордын их сургуулиас хэвлэн гаргадаг Англи хэл ахисан түвшинд суралцагчдын толь бичгээс “монгол”, “монголоид”, “монголизм” гэдэг үгсийн дауны хам шинжтэй буюу удамшлын гажигтай хэмээсэн тайлбарыг хасахаар болжээ. Энэ тухай тус сургуулийн хэвлэлийн албанаас “Монгол Тодотгол” ТББ-д албан ёсоор мэдэгдсэн байна.


Тодруулбал, “Формула 1” уралдааны үеэр тамирчин Макс Верстаппен өрсөлдөгчөө “монгол” гэж доромжилжээ. Тухайн үед зарим хүн oлон нийтийн сүлжээгээр толь бичигт байдаг тул уг үгийг хэрэглэж болно гэсэн агуулгатай материал нийтэлсэн байна. Иймд “Монгол Тодотгол” ТББ байгууллагаас өнгөрсөн сарын 24-нд тохиосон Дэлхийн боловсролын өдрөөр уг үгийг толь бичгээс хасах хүсэлт бүхий захидал явуулжээ.


Оксфордын их сургуулиас энэ сарын 2-нд албан ёсоор хариу ирүүлсэн бөгөөд дээрх үгсийн доромж утгатай тайлбарыг шалгасны үндсэн дээр тус толь бичигт хэвлэхгүй байх шийдвэр гаргаснаа дурджээ.

Оксфордын их сургуулиас гаргаж байгаа Англи хэл ахисан түвшинд суралцагчдын толь бичиг нь дэлхий даяар номын сан, сургуулиудад өргөн хэрэглэгддэг толь бичиг юм. Оксфордын толь бичгүүдийг албан ёсоор Аpple, Google зэрэг компани цахим орчинд хамгийн их хэрэглэдэг байна.


Ташрамд мэдээлэхэд, Их Британийн физикч Жон Ландон Даун (John Langdon Down) 1866 онд төрөлхийн ургийн гажиг, оюуны хомсдолтой хүмүүсийг судалж, өвчний оношийг нээж тогтоохдоо "Дауны синдром" гэж өөрийн нэрээр нэрлэжээ. Дауны синдромтой хүүхдүүд төрөлхийн оюуны сааталтайгаас гадна, нүд царай нь монголчуудтай төстэй гэж тэрээр буруу жишээ авч томьёолсноос тухай үеийн европчуудын дунд монголоид гэдэг нь хромсом, оюуны сааталтай хүмүүсийг нэрлэдэг юм байна гэсэн төөрөгдөл бий болжээ.

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас дауны хам шинж өвчнийг "Монголойд" гэж буруу нэрлэхийг хориглосон шийдвэрийг 1965 онд гаргасан байдаг аж.

Холбоотой мэдээ