Чойбалсан хотын иргэд жилд 8.2 сая литр сүү хэрэглэдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2021-02-03 17:12:27

Дорнод /МОНЦАМЭ/. Чойбалсан хотын иргэд жилд 8.2 сая литр сүү хэрэглэдэг бөгөөд үүний 78.4 хувийг дотоодоосоо хангадаг гэсэн судалгааны дүн гарчээ. Энэхүү сүүний хэрэглээний 62.6 хувийг цай чанахад, 10.7 хувийг хүүхдийн тэжээлд, 8.2 хувийг шууд уух байдлаар хэрэглэдэг гэж судалгаанд оролцсон иргэд хариулсан байна. Нийт сүүний хэрэглээний 63.3 хувийг шингэн сүү, 19 хувийг савласан сүү, 17.5 хувийг хуурай сүү эзэлж байгаа юм. Сүүний гарцын тухайд Хэрлэн суманд хоногт 28 литр сүү, бусад суманд 32 литр сүү үнээнээс авдаг бөгөөд үүний 53 хувь нь шинжилгээнд хамрагддаггүйг судалгааны дүгнэлтэд дурдсан байна. 

Дорнод аймагт хоногт 1600 тонн сүү боловсруулах хүчин чадал бүхий 13 цех байдгаас нэг нь л байнгын үйл ажиллагаатай, бусад нь улирлын чанартай ажилладаг. Түүнчлэн малчид сүүгээ борлуулахад зах зээлээс хол, хадгалахад хэцүү, тээвэрлэх зориулалтын машин байхгүй зэрэг хүндрэлтэй учирдаг бол хэрэглэгчид шингэн сүү түлхүү хэрэглэх хүсэлтэй боловч нийлүүлэлт хангалтгүй, үнэ хэлбэлздэг гэж хариулт өгсөн байна.


Холбоотой мэдээ