Сар шинийн өмнөх их цэвэрлэгээнд иргэдийг оролцуулахгүй
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сар шинийн баяраас өмнө Нийслэлийн тохижилт үйлчилгээний мэргэжлийн байгууллагууд өргөн бүрэлдэхүүнээр их цэвэрлэгээ хийж, Улаанбаатар хотын ЗАА-наас хог ачих давтамжийг нэмэгдүүлнэ.
Коронавируст цар тахлын халдвар голомтлон гараад байгаа энэ үед гудамж, талбайн их цэвэрлэгээнд иргэд, олон нийтийг оролцуулахгүй гэдгийг Захирагчийн ажлын албаны ХХУЗХ-ийн дарга С.Аригуун хэвлэлийн хурлын үеэр тодотголоо.
Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүрэгт үүссэн ил задгай хог хаягдлыг цэвэрлэхэд бусад дүүрэг, зарим хувийн хэвшлийн ТҮК-ийн хүн хүч, техник хэрэгслийг татан оролцуулжээ.
Тухайлбал, Баянзүрх дүүргийн тохижилт үйлчилгээний нэг компанид коронавируст халдварын тохиолдол бүртгэгдсэн учир ажилтнуудыг тусгаарласнаар үйл ажиллагаа нь доголдох эрсдэл үүсээд байв. Иймд тухайн компанийн хариуцсан нутаг дэвсгэрт үүссэн хог хаягдлыг мэргэжлийн зургаан байгууллагаар бүрэн цэвэрлүүлжээ.