“Хүүхдэд ээлтэй ЭТТ” хөтөлбөр хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-08 14:12:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Эрдэнэс-Тавантолгой” ХК нийгмийн хариуцлагын хүрээнд энэ оноос “Хүүхдэд ээлтэй-ЭТТ” хөтөлбөр  хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.


Өнгөрсөн хугацаанд, “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”,  “Ногоон говь” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байна. Тухайлбал, 2013 оноос Өмнөговь аймгийн харьяат оюутнуудыг сургалтын тэтгэлэгт хамруулж байсан бол 2019 оноос улсын хэмжээнд болгон өргөжүүлсэн.


Амжилттай суралцаж буй 346 оюутныг “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр”-т хамруулж, оюутан тус бүрд нэг сая төгрөгийн сургалтын тэтгэлэг олгоод байна. Энэ жил Өмнөговь аймгийн харьяат 60, бусад аймгийн 30 оюутныг тэтгэлэгтээ хамруулах юм.


Түүнчлэн, “Эрдэнэс-Тавантолгой” ХК говийн бүсийг ногооруулахаар нөхөн сэргээлтийн туршилтын талбайг 2012 онд байгуулан, 13 төрлийн модлог ургамал ургуулж байна. ХААИС-ийн Агроэкологийн сургуультай хамтран 2018 онд “Ногоон говь” хөтөлбөр хэрэгжүүлдэг. Компани үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш туслан гүйцэтгэгч компаниудын оролцоотойгоор уурхайн орчим 100 972 ширхэг мод тарьжээ. Нийт 85 мянган га талбайг ногооруулах зорилготой бөгөөд өнгөрсөн онд Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Эрдэнэсийн арал” цэцэрлэгт хүрээлэн байгуулж, 740 ширхэг мод суулгажээ.

 

Холбоотой мэдээ