“Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г 210 цэгт зохион байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-02-09 17:35:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НОК энэ сарын 11-нээс шилжих бэлэн байдлын зэргийн хөл хорионы үед зохион байгуулах “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг орон зайн нэгдсэн системд оруулж, бэлэн болголоо.


Ингэснээр нийслэлийн аль ч бүсэд шаардлагатай тохиолдолд энэ дата бааз ашиглан төлөвлөлт хийх боломж бүрдүүлжээ. Дата баазыг ЭМЯ-нд хүргүүлэх аж.


ХӨСҮТ, НЭМГ-аас “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г нийт 210 цэгт зохион байгуулна.


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар “Бэлэн байдлын зэрэгт шилжихтэй холбоотой үйл ажиллагааны талаар иргэд мэдээлэл муу байна. Тухайлбал, дэлгүүр хоршоо хаана хаахгүй, эмнэлэг, эмийн сан ажиллана ажиллахгүй гэх мэт баталгаагүй мэдээлэл гарч байна. Иймд албан ёсны мэдээллийг хурдан, ойлгомжтойгоор иргэдэд өгөх нь чухал” гэв. Мөн УОК, НОК хоорондын уялдаа холбоог сайжруулж, багийн зохион байгуулалтад орж ажиллах ёстойг онцоллоо.  


Хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээлэл хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэхээр НЗДТГ-ын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд Chatbot үүсгэв. Түүнчлэн, 1800-1200 дугаарт 24 цагийн турш CallCenter ажиллаж, найман сувгаар иргэдэд шаардлагатай мэдээлэл өгнө.


Тухайлбал, тандалт илрүүлгийн шинжилгээ, хүнсний худалдаа, үйлчилгээ, тээвэрлэлт, түгээлт, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар иргэд хэдийд ч холбогдож, мэдээлэл авах боломжтой.


Мөн иргэд 1800-1200 тусгай дугаарт хандан, НОК, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас үзүүлж буй төрийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл авч болно.

 

Холбоотой мэдээ