Израилын АЦХ гэнэтийн сургууль хийж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-02-15 15:42:10

ТЕЛЬ-АВИВ. /TASS/. Израилын батлан хамгаалах армии улсынхаа хойд хил дээрх байлдааны бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн "Веред хагалиль" сургуулийг эхлүүлсэн тухайгаа мэдэгджээ.


“Израилын Агаарын цэргийн хүчний "Веред хагалиль" гэнэтийн сургуулилалт өчигдөр (ням гарагт) эхэллээ. Энэхүү сургуулийг Израилын нисэх хүчний командлагч Амикам Норкины тушаалаар хийж байгаа бөгөөд хойд зүгт АЦХ-ний байлдааны бэлэн байдлыг нэмэгдүүлэх зорилготой юм. Цэргийн сургууль лхагва гарагт дуусах төлөвтэй байна” гэж армийн хэвлэлийн албаны мэдэгдэлд дурдсан байна.


Цэргийн сургуулийн явцад хойд фронт дахь цэргийн ажиллагааны тактикийг боловсруулах бөгөөд АЦХ-ний бэлэн байдлыг шалгана гэж цэргийнхэн онцолжээ.


Түүнчлэн "сургуулилалтын үеэр Израилын Батлан ​​хамгаалах хүчний нисэх онгоц, нисдэг тэрэгний хөдөлгөөн орон даяар нэмэгдэж, Израилын хойд хэсэгт хэд хэдэн дэлбэрэлт сонсогдож магадгүйг" анхааруулсан байна.

Холбоотой мэдээ