Нийслэлээс татсан иргэдийн 450 орчим нь аймгийн төвд ирж, тусгаарлагдсан

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-02-16 10:29:26

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг нийслэлээс иргэдээ татан авах ажлыг 2-р сарын 10-ны өдрөөр дуусгавар болгосон. Аймгийн хэмжээнд татан авалтаар ирсэн 1300 иргэний 450 орчим нь аймгийн төвд тусгаарлалтад байна. Бусад нь хөдөөгийн 18 сум руу явжээ.

Аймгаас сум руу, сумаас аймаг руу чиглэсэн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэрийг 1-р сарын 29-нд аймгийн Онцгой комиссоос гаргасан. Энэ шийдвэр 2-р сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.

Аймгийн төвд 4 цэгт, сум бүрт пост ажиллаж байгаа ба зөвхөн зөвшөөрөгдсөн буюу сумд дахь дэлгүүрүүдийн хүнс тээвэр, Улаанбаатар хот руу QR кодтой мах тээвэрлэлт, нүүрс, шатахууны тээвэр, эмнэлэг, буяны ажил, мөн дайран өнгөрч байгаа хөдөлгөөнийг нэвтрүүлж байна.

Сар шинийн баярын өдрүүдэд "Covid 19" халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн хэмжээнд 24 пост, хөдөлгөөнт болон явган эргүүлд цагдаагийн газраас 45, төрийн байгууллагын 48, нийт 93 алба хаагч 24 цагийн хугацаанд эргүүл, хяналт шалгалтаар ажиллаж байна.

Иргэд сумын Засаг даргын зөвшөөрөлтэй бол нэвтэрнэ гэсэн мэдээлэлтэй байгаа нь ташаа юм. Нэвтрэхэд дээрх нөхцөлийг нотолсон бичиг баримттай байх ажээ.

Холбоотой мэдээ